
Утаанд дуниартсан хар өдрүүд ард үлдэж, урин дулаан хавар айлчиллаа. Ингээд угаартаж амиа алдсан 779 хүний хохь болоод үлдэв. Статистик тоо болоод үлдсэн эдгээр хүний амийг бид мартаж болохгүй.
2025 оны хоёрдугаар сарын 6-ны шөнө нэг гэр бүлийн зургана гишүүн нэг дор угаартаж нас барсан. 18 настай хүү нь л ганцаараа үлдсэн. Энэ асуудал хэрхэн, яаж шийдэгдэв, үүний цаана байгаа олон зуун гэр бүлийн хагацал, 779 амины хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
УГААРТАЖ АМИА АЛДСАН ИРГЭДИЙН АР ГЭРТ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ӨГӨХИЙГ ШААРДАВ
Энэ сарын 10-ны өдөр Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг Засгийн газарт гомдол гаргаж буй тухайгаа мэдэгдэж, угаартаж амиа алдсан иргэдийн ар гэрт нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхийг шаардав.
Тэрээр, Анхнаасаа шахмал түлшний барьцалдуулагчийн хэм хэмжээ, стандартыг тогтоож өгөөгүй учраас, бид шахмал түлшийг хортой хоргүй гэж хэлэх боломжгүй байна гэж албаныхан тайлбарладаг. Өөрөөр хэлбэл бид 7-8 жилийн хугацаанд ямар ч стандартгүй хор түлчихсэн гэсэн үг. Үүний улмаас бүгдээрээ хордоод яваа юм уу гэдэг асуудал үүсэж байна. Тиймээс би өнөөдөр Засгийн газарт гомдол гаргаж байна. Угаарын хийн хордлогын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрээс уучлал хүсэж, нас барсан иргэн тус бүрийн ар гэрт нэг тэрбум төгрөг нөхөн олгохыг шаардаж байна. Бид хордоод байгаа хэрнэ, хор үйлдвэрлэгчид юу хийж байгааг мэдэхгүй байна. Дээрээс нь энэ хорыг төр ард түмэндээ шахаад байна. Түүнээс нь болж бид нас барж байна. Эмчлэх стандарт нь хүртэл монголд байхгүй. Хүмүүс хордоод байхад хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Тиймээс хордсон ард иргэддээ нөхөн төлбөр олго. Стандартаа тогтоо гэж шаардаж байна” гэлээ.
ХЭЧНЭЭН ХҮН УГААРТСАН ТАЛААР ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭЖ БУХИМДАВ
Энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр ээжийгээ, дөрвөн дүүтэйгээ алдсан О.Одбаяр мэдэгдэл хийж олныг цочирдуулсан. “Надад маш хэцүү байна. Би яахаа ч мэдэхгүй байна. Надад туслаач” гэж ярих хүүгийн ил болгосон асуудал бидэнд анх удаа тулгараагүй. 2018 оноос хойш 779 хүн угаартаж нас барсан талаар сонсогдоод л өнгөрдөг сонсголуудын үеэр дурдагдаад үлдсэн. Гэр бүлийн зургаан гишүүнээ алдсан 18 настай хүүгийн хувьд, өнөөдрийг хүртэл зуухнаасаа, нүүрснээсээ салж чадахгүй байгаа төрдөө гомдож буйгаа илэрхийлсэн юм.
Бид асуудалтай холбогдуулан БГД-ийн 22 дугаар хороонд өнгөрсөн өвлийн хугацаанд хэчнээн хүн угаартсан, шалтгаан нь юу байсныг тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзлаа. Ингэхдээ хорооны хэмжээнд хэчнээн хүн угаартсан талаар ямар ч мэдээлэл өгөхгүй гэж бухимдав.
Харин О.Одбаяр хүүгийн өмгөөлөгч М.Хандармаагаас өмгөөллийн үйл явцын талаар тодрууллаа.
-Асуудлын үйл явцын талаар мэдээлээч?
-Шинжээчийн дүгнэлт гарсны дараа бид гомдол гаргах үгүйгээ ярилцана.
-Дүгнэлт нь одоог хүртэл гараагүй юм уу?
-Гараад танилцуулна гэсэн. Цагаан сарын өмнө гараагүй гэж байсан.
-Олон нийт энэ асуудал дарагдах вий гэсэн айдастай байна. Та байр сууриа хэлээч?
-Хэрэг дарагдана гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
-Хохирогч талаас ямар саналтай байгаа вэ?
-Тайвширмаар байна, хэвлэл мэдээллээс хол баймаар байна гэсэн. Хүмүүсийн өгсөн мөнгөн хандивыг хүлээж авсан. Хэргийн үйл явцын хувьд шинжээчийн дүгнэлт эхлээд гарна. Нэлээн удаан л үргэлжлэх байх.