
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино 2026 онд Хойд Америкийн хотуудад зохион байгуулагдах хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтын үеэр ДАШТ-ий түүхэнд анх удаа “Halftime Show” -г зохион байгуулна хэмээн мэдэгджээ.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ АНУ, Канад болон Мексикийн хотуудад зохион байгуулагдах ба тус тэмцээний финалын тоглолт 2026 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Нью Жерси мужийн MetLife Stadium цэнгэлдэхэд болох юм.
1930 оноос эхэлсэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд финалын тоглолтын завсарлагаанаар үзэгчдэд зориулж шоу үзүүлбэр үзүүлж байсан удаагүй билээ.
Даллас хотод болсон хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой үйл ажиллагааны үеэр Жанни Инфантино Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь Global Citizen олон улсын байгууллага болон Английн Coldplay хамтлагтай хамтран ДАШТ-ий түүхэн дэх анхны “halftime show” -г зохион байгуулахаар болсон талаар мэдэгджээ.
Түүний хэлсэнээр энэ нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хувьд түүхэн мөч болон үлдэх ба дэлхийн спортын хамгийн том арга хэмжээнд тохирсон шоу үзүүлбэр байх болно гэжээ.
Америкт спортын тэмцээн уралдаануудын финалын тоглолтын завсарлагаанаар зохион байгуулагчид үзэгчдэдээ зориулж шоу үзүүлбэрүүдийг толилуулдаг уламжлалтай бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) финалын тоглолтын завсарлагаанаар болдог “Super Bowl Halftime Show” билээ.
ФИФА-гийн журманд хөлбөмбөгийн тоглолтын завсарлага 15 минутаас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг ба ирэх жил болох ДАШТ-ий финалын тоглолтын завсарлагаанаар болох шоу үзүүлбэрт зориулж энэхүү журмыг өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна.
2026 оны ДАШТ-ий эхний тоглолт 6-р сарын 11-нд Мехико хотын Эстадио Ацтека цэнгэлдэхэд болох ба ДАШТ-ий туршид 48 улсын шигшээ баг нийт 104 тоглолтыг хийх аж.
Эx Сурвалж: CNN.COM