
Сар шинийн баяраар албан үүргээ гүйцэтгэж байхад нь аав нь хоол барьж ирээд, хүүдээ золгож буй зураглалыг сошиал орчноос харсан байх. Бид аав, хүү хоёрыг зорьж очин ярилцлаа.
Энэ залууг Самдангийн Отгонбаяр гэдэг. 2014-2018 он хүртэл олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаад өнөөдрийг хүртэл цагдаа жолоочоор ажиллаж байгаа ажээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийнх нь хүн ч бас цагдаагийн байгууллагад ажилладаг юм байна.
С.Отгонбаяр: Шинийн 2-ны өглөө хадмындаа очиж золгочхоод, шууд ажил дээрээ ирсэн. Аав, ээж хоёртоо ирж золгож амжаагүй байсан юм. Албан үүргээ биелүүлж байхад минь аав надад ирж золгосон.
Үүргээ гүйцэтгээд зогсож байхад нэг дээлтэй хүн явж байсан юм. Ямар гоё дээлтэй хүн бэ гэж бодож байтал над руу гар даллаж байна. Эргэн тойрноо хартал хүн алга. Тэгээд тогтоод хартал аав минь байна. Зам хөндлөн гараад очтол “Аав нь хүүдээ бууз бариад ирлээ” гэж хэлсэн.
Баяр наадам, цагаан сар, шинэ жил гээд тэмдэглэлт өдрүүдээр гэртээ байх нь ховор. Цаг наргүй л ажиллана даа, бидэн.
Д.Самдан: Би таван хүү, нэг охинтой. С.Отгонбаяр маань одонгийн хүүхэд, маш эрх.
Би тэр өдөр хэлэлгүй яваад очсон юм. Машины хөдөлгөөн ихтэй, очих аргагүй байсан.Тэгээд гар далласан даа.
Муусайн цагдаа нар гэх хандлагатай хүмүүс их болсон цаг. Цагдаагийн байгууллагад ажиллах уг нь их гоё юм шүү дээ. Залуу улс олноор орж ажиллаасай гэж боддог доо, ах нь.
-Ер нь бусад баяр ёслолоор ч гэсэн аав, ээж, эхнэр тан хоол, цай бариад ирнэ биз?
-Тэгнэ ээ. Манай эхнэр, ээж хоёр дуртай хоолыг маань хийчхээд бариад л ирнэ. Бууз, цуйван, будаа хуурга гээд л… Ээж маань намайг будаатай хуурганд дуртайг сайн мэдэх тул байнга л бариад ирнэ.
Тэрбээр аавынхаа тухай ярилцлагын төгсгөлд ийнхүү ярилаа.
“Миний аав чинь Увс аймгийн Баруунтуруун сумын хүн. Газар тариалангийн салбарт 43 жил ажилласан. Их зөөлөн, уян хүн дээ. Би аавынхаа яг тэр л занг дуурайсан байх гэж боддог. Увс аймагт Хан хөхий уул гэж байдаг юм. Тэр том уултай аавыгаа зүйрлэн боддог юм. Унахад тосоод авдаг, буруудвал загнаж, зөв үед минь хайрладаг хүн. Ер нь бол миний аав чинь нөмөр нөөлөг ихтэй, уулнаас ч том хүн шүү дээ. Аавынхаа голомтоос тасалсан галыг унтраахгүй, бадраагаад, явах юмсан гэж боддог доо” гэв.
Үр хүүхдээ гэсэн эцэг эхийн сэтгэл агуу шүү дээ . Сайхан мэдээ байна
Бүх цагдаа нарт баярлалаа