
АНУ-ын Лос Анжелес хотод Америкийн Кино Академийн шилдгүүдийг тодруулах 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын Шилдэг уран сайхны киногоор найруулагч Шон Бэйкерийн “Анора” тодорчээ.
Зургаан сая ам.доллараар бүтсэн, инди киноны төрөлд багтах тус кинонд Оросын олигархийн хүүтэй гэрлэсэн Анора нэртэй тайчигч бүсгүйн тухай гарах ба Анорагийн дүрд тоглосон Майки Мэдисон Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг, харин тус киноны найруулагч Шон Бэйкер Шилдэг найруулагч, Шилдэг кино зохиол болон Шилдэг эвлүүлгийн шагнал хүртэж, Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд нэг уран бүтээлээрээ 4 оскар хүртсэн хоёр дахь уран бүтээлч болжээ.
Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг Дэлхийн 2-р дайны дараа АНУ-ыг зорьсон Унгарын цагаачийн дүрээрээ Эдриэн Броуди хүртсэн байна. Э. Броудигийн хувьд энэ нь 2 дахь Оскарын шагнал юм.
Тэрээр 22 жилийн өмнө 29 насандаа “Төгөлдөр хуурч” кинонд бүтээсэн дүрээрээ мөн л Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчнээр тодорч, уг төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болсон билээ.
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчнээр “The Real Pain” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ Киран Калкин, Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр “Эмилия Перес” мюзикл кинонд өмгөөлөгчийн дүрийг бүтээсэн Зои Салдана хүртсэн байна
97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг хүүхэлдэйн киногоор мөн л инди буюу индипэндент киноны төрөлд багтах “The Flow” хүүхэлдэйн кино шалгарсан бол Гадаад хэл дээрх Шилдэг киногоор Бразилийн “I’m Still Here” шалгарчээ.
Эx Сурвалж: abcnews