
Эко гэр цэцэрлэг 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид, тэдний боловсролын салбарт авчирсан шинэчлэл хийгээд бүтээсэн үнэ цэнийг тоймлон харцгаая
УЛАМЖЛАЛЫГ ЭВДЭЖ ШИНЭ ЖИШГИЙГ ТОГТООГЧ
Эко гэр цэцэрлэг 2015 онд байгуулагдсан бөгөөд тэд бусдын жишгийг дагах бүү хэл нийгэмд тогтсон нийтлэг буруу ойлголтыг эвдэгч байсаар иржээ.
Эцэг эхчүүд цэцэрлэгийг хүүхдээ аваачиж өгөөд л бие амар байдаг, тайван байх боломжийг олгодог газар гэж ойлгодог. Гэтэл Эко гэр цэцэрлэг энэ ойлголтыг эвдэж “Цэцэрлэг бол гэр бүлийн дурсамж бүтээх цэг” хэмээн зарласан юм. 10 жилийн ойн дурсамж уулзалтад ирсэн эцэг эхчүүд “Гэр бүлийн минь хамгийн халуун дулаан нандин дурсамж бүр энэ цэцэрлэгтэй холбогддог. Сайн аав ээж байх арга ухаан, боловсролыг Эко гэр бидэнд олгосон” хэмээн итгэл дүүрэн хэлж байлаа.



Цэцэрлэгт хүүхдүүд дуу, шүлэг л сурах ёстой гэх явцуу боловсролын хөтөлбөрийг халж “Өөрийгөө таньж мэдсэн, сэтгэл зүрхний боловсролтой, тасралтгүй бие даан хөгждөг хүчирхэг хүний суурийг бид бэлтгэнэ” гэж тэд нүүр бардам хэлсэн юм. Учир нь тэд дэлхийн олон улсаас судалж туршин, шигшиж боловсруулсан цогц хөтөлбөр болох “Амьдралын мод”-оо тарьсан байв.
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ: LIFE TREE ХӨТӨЛБӨР
Эко гэр цэцэрлэгийн уг хөтөлбөр боловсролын яам болон боловсролын салбарынхны анхаарлыг татаж түүхэндээ анх удаа СӨБ-ын хөтөлбөрт хувийн байгууллагын хөтөлбөрийг туршиж хэрэгжүүллээ. 2023-2024 онд гэхэд л Эко гэр цэцэрлэгийн боловсруулсан “Life tree” хөтөлбөр төрийн өмчийн 120 цэцэрлэг, 70 мянга гаруй хүүхэд тэдний эцэг эхэд хүрч хэрэгжсэн байна.
“Юм мэдэхгүй”, “Хүүхэд бага байгаа дээр” гэх хайнга, үл тоосон хандлагыг халж цэцэрлэгийн нас хамгийн чухал үе гэдгийг эцэг эхчүүдэд ойлгуулж, сургуулийн өмнөх боловсрол бүхий л амьдралын суурь болохыг мэдрүүлснээр улс нийтээрээ СӨБ-ийн хөтөлбөрийг эргэж харан шинэчилсэн нь Эко гэр цэцэрлэгийн бүтээсэн бас нэгэн томоохон үнэ цэн байлаа.




ТОГЛОНГОО СУРАЛЦАХ ОРЧИН
Тэдний шинэчлэл зөвхөн хөтөлбөрөөр хязгаарлагдсангүй. Хүүхдийн сургалтын орчинд инновацийг нэвтрүүлсэн нь 2024 оны “Супер Инноваци”-аар шалгарсан юм. “Тоглонгоо суралцах орчин” нь манай улсын СӨБ-д анх удаа патентлагдан хэрэгжиж буй төсөл юм.
Орчин бол хүүхдийн “гурав дахь багш” гэсэн үзлийг баримтлан тоглох орчноор нь дамжуулан суралцах үйл явц, ур чадваруудыг нь хөгжүүлж байгаагаараа онцлог.


ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ БАГШ НАР
Эко гэр цэцэрлэгийн багш нар өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийг тойрон эрэл хайгуул хийн суралцаж ямар улсад цэцэрлэгийн шилдэг хөтөлбөр, хүүхдэд ээлтэй тохижилт, сургалтын хэрэглэгдэхүүн байна түүнийг газар дээр нь очиж судалж,авч хэрэгжүүлсээр иржээ.
Хайр бялхуулсан, уян зөөлөн, зөв хандлагатай багш, ажилчид тус цэцэрлэгийн нэрийн хуудас. Үүдээр ороход л энэ энерги нь таныг бүчин авах бөгөөд энэ л дулаан мэдрэмжээр тэдгээр хүүхдүүд хүрээлүүлэн өсөж хүчирхэг сэтгэл зүйтэй өөртөө итгэлтэй нэгэн болох суурь тавигддаг аж.
Эко гэр цэцэрлэгийн багш нар ажиллаж байх хугацаандаа багшийн ажилдаа дурлах , тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх дадалтай болдог. Энэ нь тэднийг дараагийн ажлын байранд очход карьерийн түвшинд ахих шалтгаан болдог хэмээн тус цэцэрлэгээс ажлын гараагаа эхлэн дараагийн ажил, бизнесээ амжилттай авч яваа залуус санал нэгдэж байв.
Эко гэр цэцэрлэгийн багш нар зөвхөн хүүхдүүдийг хөгжүүлэх бус, өөрсдөө хөгжиж, илүү үнэ цэнтэй мэргэжилтэн болж чаддаг системийг бий болгожээ.




ХИЙМЭЛ ОЮУН НЭВТРҮҮЛСЭН СУРГАЛТ
Эко гэр цэцэрлэг нь боловсролын салбар дахь дижитал хувьсгалд тэргүүлэх байр суурь эзэлж, СӨБ-д хиймэл оюун ухааны шийдлүүдийг анхлан нэвтрүүлж эхэлсэн.
- AI Teacher: Багш нарын туслах хиймэл оюун ухаан нь сургалтын материалыг оновчтой боловсруулах, хүүхдийн хөгжлийн явцыг хянах, зөвлөгөө өгөх зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг.
- AI Model: Хүүхдийн суралцах хэв маягийг тодорхойлон, хувь хүний онцлогт тохирсон сургалтын загвар санал болгодог.
- AI Ухаалаг анги: Интерактив самбар, ухаалаг сургалтын орчин бүхий танхимуудыг нэвтрүүлж, хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, багш нарын ажлыг хөнгөвчлөх зорилготой.
- AI Гэр бүлийн хөтөч: Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсролын ахиц дэвшлийг бодит мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ухаалаг системийг нэвтрүүлсэн.
Энэхүү технологийн дэвшил нь зөвхөн Эко гэрийн хүрээнд зогсохгүй, Хан-Уул дүүргийн багш нараас эхлэн өргөн цар хүрээтэй хэрэгжиж эхэлсэн бөгөөд багш нарыг хиймэл оюун ухааныг өдөр тутмын хичээлдээ ашиглах арга барилд сургаж байна.


Эко гэр цэцэрлэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд боловсролын салбарт шинэ жишиг тогтоож, уламжлалыг эвдэн үнэ цэнийг бүтээж чаджээ. Энэ бол цэцэрлэгээс хэдийнээ хэтийдсэн цар хүрээтэй хувьсгал юм. Тэдний бүтээсэн үнэ цэн зөвхөн нэг цэцэрлэгийн биш Монголын боловсролын салбарт дутагдаж орон зайг нөхөж буй явдал юм.

