
Цагаан сар хаяанд иржээ. УИХ-ын чуулган завсарласан байгаа энэ цаг үед гишүүд тойргоо “усалдаг”. Тойргийнхоо ахмадуудад хэвийн боов, бэлэг сэлт тараах нь бараг л уламжлал болжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байгаад 2024 онд Хойд бүс буюу Булган, Орхон, Хөвсгөл аймгаас сонгогдон гишүүн болсон Б.Бат-Эрдэнээс цагаан сараар тойргоо “услах” эсэхийг асуулаа.
-Та тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тараах уу?
-Хэвийн боов байтугай аварга малчны шагналыг нь ч гардуулаагүй байгаа. УИХ-ын гишүүд юм тараахаас илүүтэй, эрх зүйн орчныг нь сайжруулах тал дээр ажиллах ёстой гэж үзэж байгаа. Саяхан УИХ-ын гишүүдийн дунд зөндөө л юм боллоо л доо. Би “Аварга малчин” гардуулна. Би “Аварга саальчин” гардуулна гэдэг ч юм уу. Зарим нь нууцаар аваад явж ч байх шиг байна. Бид уг нь малын түүхий эдийг үнэд оруулж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх тал дээр л илүү хичээж ажиллах нь зөв гэж бодож байгаа. Хэрэв шагнал гардуулах ёстой бол аймаг, орон нутгийнх нь удирдлагууд өөрсдөө гардуулаад явах нь илүү зүйд нийцнэ гэж харж буй.
-Тэгэхээр таны хувьд цаашдаа тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тараах, малчдад элдэв шагнал гардуулахгүй ээ гэсэн үг үү?
-Тавгийн идээнээс эхлээд элдэв юм тараадаггүй. Зүгээр яах вэ шинийн 8, шинийн 15-ндаа багтаад ахмадууддаа зориулаад ном уншуулдаг. Хийдүүдтэй ярьж байгаад, томоохон лам нараас авч очоод, ахмадуудын заслыг нь хийлгэж өгдөг.
-Бүх гишүүд үү эсвэл зөвхөн та юу?
-Миний хувьд асуусан гэж ойлгож байгаа.