
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарын “Би Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи” гэсэн гурвалсан бүтээлийг төр соёрхсон байдаг. Төрийн соёрхолт яруу найрагч маань элэгний хорт хавдраар оношлогдож, Герман Улсад эмчилгээ хийлгэж буй аж. Түүний эмчилгээний зардалд, сэтгэлийн дэм болох үүднээс урлаг, соёлынхны хамтран “Би Монголоороо гоёдог” тоглолт өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 22-нд хийсэн юм.
Тэрбээр Монголын ард түмэндээ талархал илэрхийлжээ.
Ш.Гүрбазар “Надад нас бэлэглэлээ. Миний монголын ард түмэн, уран бүтээлчид минь намайг үнэхээр догдлууллаа. Ш.Гүрбазар ах минь эрүүл болоорой, ард түмэн минь сэтгэлийн дэм, ерөөлөө өргөөрэй гэж монголын сор болсон уран бүтээлчид нүдэндээ нулимстай дуулж, өгүүлж байхад би уярахгүй байж яахан чадах. Өөрөөсөө өөрийгөө олох шиг, Өөдрөг байхын дээд урмаар адислуулах шиг нэг л их үнэмшил намайг тэнгэр татаад босгох шиг зөн совингоор би омогшиж байна.
Одоо хийгдэж байгаа угтвар тандалт эмчилгээнүүд, бичил мэс засал, гурван сарын сүүлээр ирэх том хагалгааны дараа эрүүлжин сэргээд ирэхийн итгэл дүүрэн боллоо. Хүндэтгэлийн тоглолтыг санаачилсан, тоглолтод оролцсон бүх уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ хугацаанд надад чин сэтгэлийн зөвлөгөө, ерөөл дэмбэрэл, сэтгэлийн хандиваа илгээж байсан олон түмэндээ ч талархъя.
Эмчилгээний зардал өртөг өндөр энэ оронд байгаа надад сэтгэлээсээ өргөсөн бүхэн тань даарч үзсэн хүн дахныхаа хагасыг нөмөргөх шиг их илч, их урам надад өгч байгааг нуугаад яах вэ. Тавин жил Монголын их урлаг, утга зохиолд зүтгэсэн минь, монголын ард түмний минь их хайр хүндэтгэл, миний хадгалсан буян, хураасан их өв минь байж дээ гэж бэлэгшээж сууна. Ерөөл дэмбэрэл аз жаргалыг дууддаг болохоор би эрүүл энх явахын их цулбуураас атгаад очно оо эх орон, элгэн түмэндээ.
Харин тосож байгаа он жилүүдийн аман хишгээ, миний ард түмэн надад бэлэглэсэн нас гэж сүслэн залбирах болно оо” гэжээ.