АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Газын зурваст хүн амьдрах боломжгүй, палестинчуудын хувьд Газын зурваст ирээдүй байхгүй учраас тэдгээр хүмүүст өөр газар суурьшихаас өөр сонголт байхгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр Ойрх Дорнодын улс орнууд Газын зурвасын иргэдэд суурьших шинэ газар гаргаж өгсөнөөр палестинчууд Газын зурвасаас нүүх нь зөв гэжээ. Ингэхдээ АНУ-ын төрийн тэргүүн Газын зурвасын иргэдийг Египет болон Йордан руу нүүлгэн шилжүүлэх хүсэлтэйгээ дахин илэрхийлжээ.
Тэрбээр, “Йордан, Египет хоёр Газын зурвасын иргэдийг аваасай гэж хүсэж байна. Газын зурвасын иргэдэд сайхан шинэ газар олж өгөөд, хөрөнгө мөнгө гаргаад байр сууцийг нь бэлдээд өгч болох юм” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Д. Трампын хэлсэнээр Газын зурвасын иргэдэд очих газар байхгүй байгаа нь гол асуудал бөгөөд тэрээр Газын зурваст үлдэх хүсэлтэй хүн байгаа гэдэгт итгэхгүй байгаагаа онцолжээ. Израилийн Ерөнхий сайд Б. Нетаньяхутай хийсэн уулзалтынхаа дараа Ерөнхийлөгч Д. Трамп Газын зурвасын 1.7-1.8 сая иргэдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх нь зөв хэмээн мэдэгджээ.