Төрийн ордонд Утааны сонсгол болж байна. Энэ үеэр шинжээч мэдээлэл өгч байна. Түүний өгч буй мэдээллээс хамгийн чухлыг нь “ТОДРУУЛАГЧААР ТОДРУУЛЪЯ”.
Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2023 онд 1 их наяд 795 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 295.9 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн байна.
Үүнд:
- Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт
- Хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн зургаан асуудал
- Зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага
- Ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж
Зөрчлүүдийг шинжээч түүвэрлэн танилцуулж байна.
- Үндэсний Аудитын газар “Цэвэр агаар” сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс ТАТГАЛЗСАН байна.
- “Тавантолгой түлш” компанийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газар ХЯЗГААРЛАЛТТАЙ санал өгсөн байна.
Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал
Нэг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/283, А323, А435 дугаар тушаалыг үндэслэн халаалтын зуухны үнс, тоосонцорыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын 4 хуулийн этгээдээс шууд худалдан авахаар 12.0 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Ерөнхий аудиторын албан шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас 2021 онд Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн байна.
Хоёр. “Эрдэнэс тавантолгой компани”-аас “Тавантолгой түлш” компанитай байгуулсан ЭТТ 202283, 2022502, 2022518 дугаартай 88.1 тэрбум төгрөгийн гурван гэрээ гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан учир 2024 онд Ерөнхий аудиторын албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн байна.
Гурав. “Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар нь 2023 онд гадаад сургалт зохион байгуулж, 106.4 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан учир Нийслэл дэх Төрийн аудитын газраас зарчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн.
Дөрөв. “Цэвэр агаар” төслөөс айл өрхүүдэд 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт 159 айл нүүн явсан, төлбөрийн чадваргүй болсон зэргээс шалтгаалан төлөгдөөгүй. Уг хөрөнгө нь дэлхийн банкны зээлийн хөрөнгө бөгөөд энэ нь Монгол Улсын өр дээр бичигдээд та бид төсвөөсөө төлөх болж байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Одоо Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргаар Д.Мөнхбаатар ажиллаж буй. Ц.Ганболд гэж хүн 2021, 2022 онд даргаар нь ажиллаж байсан. Дараагийн даргыг нь томилох хүртэл буюу 2023 оны эхний хагас хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Ингээд түүний дараа 2023 онд Б.Батшагай Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргаар очсон байдаг. Тэгэхээр 2023 онд тус газрынхан төсвийн мөнгөөр гадаадад сургалт зохион байгуулж “үрэх” үед Ц.Ганболд, Б.Батшагай хоёрын нэг даргаар нь ажиллаж байсан гэсэн үг.