Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Ж.Чинбүрэн, Б.Уянга, С.Эрдэнэболд, Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 111 хүн оролцож байна.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.
Мөн тэрбээр, өнгөрсөнд Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт удаах хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан даргалсныг дурдахын зэрэгцээ эдгээр хэлэлцүүлэгт төрийн болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл болох нийт 290 гаруй хүн оролцож, 33 иргэн асууж асууж, хариулт авч, санал хэлснийг тэмдэглэлээ.
Өмнөх долоо хоногт зохион байгуулсан хэлэлцүүлгээс зуух, түлшний технологи судлаач, инженер, зохион бүтээгчдээс судалгааны материал, тайланг танилцуулах санал гаргасны дагуу Ажлын хэсгийн гишүүдээс санаачлан энэ долоо хоногийн Баасан гараг буюу 01 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн ордонд “Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвээр уулзалт зохион байгуулахаар төлөвлөснийг Б.Баярбаатар дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан.
Хэлэлцүүлгийн эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.