Энэтхэгийн Аллахабад хотод болж буй Энэтхэгийн шашны хамгийн том Кумбх Мела баярт оролцож байсан мөргөлчдийн дунд шахцалдаан үүсэж, олон арван хүн амь үрэгджээ. Энэтхэгийн засгийн газрын зүгээс албан ёсны мэдээлэл өгөөгүй ч орон нутгийн эрх баригчид багадаа 38 хүн амь үрэгдсэн хэмээн мэдэгдсэн байна.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд лхагва гарагийн шөнө гол руу орж ариусах зан үйл хийх гэсэн мөргөлчид голын эргээр сууж, хэвтэж байсан хүмүүс дээр унаж, шахцалдаан үүссэн талаар мэдээлж байна.
Уттар Прадеш мужийн Аллахабад хотод 12 жилд тутам болдог Кумбх Мела шашны баяр болж байгаа ба 45 хоног үргэлжилдэг уг баяр ёслолын мөргөлчид Ганга, Жамна голуудын усанд орж, нүглээ угааж ариусдаг уламжлалтай аж.
Энэтхэгт шашны баяр ёслолын үеэр шахцалдаан үүсэх явдал элбэг бөгөөд энэ нь ихэнхдээ олон тооны хүмүүс нэг дор цугларах үед авах аюулгүй байдлын зохих арга хэмжээ дутагдалтай байдлаас болж үүсдэг аж. 2013 онд болсон Кумбх Мела баярын үеэр Аллахабад хотын галт тэрэгний буудал дээр болсон шахцалдааны үеэр олон арван хүн амь үрэгдэж байсан юм. Энэтхэгийн эрх баригчид Кумбх Мела баярын үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүд авч, Аллахамабад хотод хиймэл оюун ухаанаар ажилладаг 2700 гаруй хяналтын камер суурилуулж, агаараас болон усан дотор ажиглалт хийх дронуудыг ажиллуулж байгаагаа мэдэгдсэн юм.