Түүнийг JiiJah гэдэг. Бага насанд нь эмээгийнх нь авгайлж дууддаг байсан нэр ийн уран бүтээл төдийгүй амьдралынх нь дуудах нэр болжээ.Тэрбээр алдар нэр, ашиг хонжоо харалгүйгээр 15 жилийн турш Регги урсгалд өөрийгөө зориулсан нэгэн. Амьдрал, хобби аль алийг нь тэнцвэртэй авч явахын тулд албан ажлаасаа гарч хувиараа таваас зургаан ажил давхар хийдэг талаараа тэрбээр онцоллоо.
Намайг М.Шижир-эрдэнэ гэдэг. JiiJah нэрээрээ уран бүтээлээ хийдэг төдийгүй гэр бүл ойр дотныхон маань энэ л нэрээр дууддаг гэж хэлж болно. Би Регги уран бүтээлч. Харин эхнэр маань металл рок сонирхогч. Хатуу, зөөлөн хоёр хөгжим нэг гэрт байдаг гэж ойлгож болно. Арван настай хүү, мөн нэг муурынхаа хамт амьдардаг ийм нэгэн энгийн залуу байна. Гэвч хүмүүс намайг харахдаа ажилгүй пиво уудаг нөхөр л гэж хардаг байхгүй юу. Тэр хүмүүст хандаж хэлэхэд та бүхний тогтсон ажилгүй гэж харж байгаа хүн. Амьдралаа авч явахын тулд өөрийгөө сайжруулж чадавхжуулж маш их хичээж байгаа ажилсаг хүн байдаг юм шүү гэж хэлмээр байна/инээв/.
-Та ямар,ямар ажлуудыг хийж байна вэ? Судлаад үзэхэд үнэхээр л олон талын чадвартай санагдсан?
-Сүүлийн үед сошиал маркетингаар түлхүү ажиллаж байна. Мөн аливаа арга хэмжээг хөтлөнө, дуулна. Зарим үед видео эвлүүлэг хийнэ. Өөрийн худалдаалдаг футболкныхоо загварыг гаргаж хүргэлтээр зарна гээд л хийж болох бүх л зүйлийг хийж байна гэх үү дээ. Нэг хүн маш олон чадвартай байж байж л Монголд гайгүй амьдарч чадна.
– Та Регги-г амьдралынхаа хэв маяг болгоод хэдийнээ 15 жил болсон талаар ярьсан. Таныг анх хүмүүс хэрхэн хүлээж авдаг байв?
– Улаан, ногоон, шар өнгийн ороолт, малгай, хувцас өмсөөд явахад үеийнхэн маань их л шоолдог байсан. Гала хамтлагийн фен юм уу гээд л. Дараа нь үсэндээ дрийдлоктой болоод гудамжаар явахад хүмүүс эвэртэй туулай харсан юм шиг л байдаг байсан. Автобусанд явж байхад үснээс зулгаана, буухдаа татаж үзээд зугтана гэх мэтээр элдвийн л зүйл болдог. Согтуу, халамцуу ах нар “чи хаанахын юу вэ” гээд л янз бүрээр харааж ерөөнө.Одоо бол сайхан болсон. Хүмүүс маань харьцангуй соёлтой болж хэн нэгнийг гадаад үзэмжээр нь гадуурхаж доромжлохоо больсон санагддаг. Өмнө нь бол зэрлэг л байсан шүү дээ.
-Энэ мэтээс болоод ч юм уу эсвэл өөр шалтгаанаас болоод Регги хэв маягтай эсвэл Регги урсгалаар уран бүтээл хийхээ больё гэж бодож байсан үе бий юу?
– Монголд Регги урсгалаар уран бүтээл хийгээд мөнгө олно гэдэг хэцүү. Энэ чинь поп, рок, хип хоп шиг бүх нийтийн сонирхож сонсдог урсгал биш шүү дээ. Энэ бол цэвэр миний хобби. Үүнээс санхүүгийн хүлээлт байхгүй гэсэн үг. Тиймээс мөнгө төгрөгнөөс болж Регги-г орхиё гэж бодож байсан удаагүй. Харин “За даа ер нь миний дуулах ч гэж дээ, миний дууг ойлгох ч гэж дээ” гэж өөрийгөө голж уран бүтээл хийхээ больё гэж шийдэж байсан үе бий. Одоогоос хоёр жилийн өмнө youtube хаяг дахь бүх дуугаа нэг бүрчлэн устгаж байсан юм.
-Тэр олон жилийн хүч, хөдөлмөрөө устгаж хаяна гэхээр сэтгэл зүйн хувьд их хүнд байдалд орсон бололтой. Эсвэл амьдралдаа том өөрчлөлт, эргэлт хийхээр шийдсэн хэрэг үү?
– Эргэлт гэхээсээ илүүтэй сэтгэл зүйн асуудал гэдэг нь зөв байх. Хүнд үе байсан. Бас өөртөө маш хэцүү мэдрэмж төрүүлдэг уран бүтээл хийсэн. Бичлэгийн дүрсэнд орсон найзуудаас маань ганц нэг нь өөд болсон. Тэр дуугаа ахиж гадуур дуулахгүй гэж шийдсэн л дээ. Энэ мэт олон олон асуудлууд давхцаж уран бүтээл хийхгүй гэсэн шийдвэрт хүргэсэн байх. Гэхдээ олон жил өөрт байгаа зүйлсээ зориулсан дуртай зүйлээ орхино гэдэг тийм биш юм билээ. Нэлээн хямарч ахиж хэзээ ч дуу хийхгүй гэж бодож явахдаа пянзыг минь спонсорлосон Outsider Ulaanbaatar label-ийнхэнтэй уулзаж ахиад үзээд алдъя гэж шийдсэн. Сэтгэл зүйн уналтаасаа гарч шинээр эхлэн бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд нухсан зүйл минь энэ пянз.
-Пянзных нь нээлт 2-р сарын 1-нд болно гэж байсан. Яаж зарж борлуулах вэ?
-Пянзанд багтсан таван дуу маань тавуулаа нийгэм, улс төрийг шүүмжилсэн. Түүнээс гадна бэлэн дууг пянзан дээр хуулж хэвлүүлээд үнэтэй зардаг нөхдийг шүүмжилж пянзаа хямд үнээр борлуулна. Бас хүмүүсийн пянзыг дэлгүүрийнхээ аль нэг булан тохойд тавьчихаад зарагддаггүй бараа шиг тоосонд даруулаад сууж байдаг худалдаачдыг шүүмжлээд өөрөө хүргэлтээр зарна. Өөрийн биеэр хүргэж өгөөд тухайн хүн пянзан дээрээ юу бичүүлмээр байна түүнийг нь бичиж өгнө гэж бодож байгаа. Миний мэдэх хамгийн гоё пянзны дэлгүүр болох Chinzo’s records room дээр цөөн хэдийг байршуулна. Олон хүний хоёр жилийн хөдөлмөр зардал нэлээн өндөр гарсан. Бүх пянзаа зарлаа гэж бодоход нийт зардлынхаа талыг л олох байх. Гэхдээ зорьсондоо, хэлж ярьсандаа хүрсэндээ л баяртай байна.
-Танд баяр хүргэе. Ярилцсанд баярлалаа. Шинэ бүтээлийнх нь нээлтэнд амжилт хүсье.
-Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа