
Тайланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Зүүн Өмнөд Азийн анхны улс болсонтой холбоотойгоор өнгөрсөн пүрэв гарагт тус улсад 1800 гаруй ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулжээ.
Тайланд даяар ЛГБТ нийгэмлэгийн бэлгэ тэмдэг болсон солонгын долоон өнгөтэй өнгөтэй туг далбаа намирч, томоохон худалдааны төвүүд, дүүргийн засаг захиргааны байруудад хуримын тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна. Бангкокийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг болох Парагон төвд гэрлэлтээ батлуулахаар дараалалд зогсох хосуудын тоо 200 давсан бол иргэдийн хуримаа хийх дуртай байршлуудын нэг Бангкок хотын Банг Рак дүүрэгт гэрлэлтээ батлуулахаар олон арван хосууд цахимаар бүртгүүлжээ. Түүнчлэн гэрлэх ёслолын арга хэмжээнүүд Чианг Май, Конкэн, Пукет зэрэг хотуудад зохион байгуулагджээ.
Өнгөрсөн 6-р сард Тайландын парламентын хоёр танхимд батлагдсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх тухай хуулийн төсөлд өнгөрсөн есдүгээр сард Тайландын хаан гарын үсгээ зурсанаар энэ сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн нь Тайландын ЛГБТ нийгэмлэгийн хувьд том амжилт юм. ЛГБТ нийгэмлэгийн идэвхтнүүд пүрэв гарагт гэрлэлтээ батлуулах ижил хүйстэй хосуудын тоо 1448 давна гэж найдаж байсан юм. 1448 нь Тайландын Иргэний хуульд ижил хүйстнүүдийн гэрлэлтийн тухай заасан заалт юм. Бодит байдал дээр пүрэв гарагийн оройны зургаан цаг гэхэд гэрлэлтээ батлуулсан ижил хүйстэн хосуудын тоо 1832 хүрч, идэвхтнүүдийн хүлээлтийг давсан байна.
Хайрлах хүнээ хэн ч бсан хайрлана! Хайранд үгүй хэлж болохгүй! Хайр яллаа!