Лос Анжелес хотын үхлийн аюултай ой хээрийн түймрийн эсрэг зургаан өдрийн тэмцэл хамгийн чухал үе шатандаа явж байна. Гал сөнөөгчдийн багууд муж даяар ахиц гаргаж байгаа ч албаныхан энэ долоо хоногийн эхээр Санта Анагийн аюултай салхи эргэн ирэхтэй холбоотойгоор гал түймрийн аюул “маш өндөр” хэвээр байх болно хэмээн мэдэгдлээ.
105,000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх захирамж гарч, ажиллагаа өрнөж байна. Далайн эргийн Палисадесийн түймэр 11 хувийн хяналтад орсон ба аврах багууд түймэр Брентвуд руу дотогш хөндлөн тархахаас сэргийлэхээр тасралтгүй ажилласаар байна.
Алтадена хотын ойролцоох Итоны түймэр 27 хувийн хяналтад орж, бусад жижиг түймрүүдээс хүчний нөөцийг шилжүүлэн ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ. Одоогоор албаныхан 24 хүний амь эрсэдсэн болохыг баталсан ч бодит хохирлыг бүрэн үнэлэхэд аюулгүй байдал хангагдаагүй хэмээн мэдээлжээ.
Лос Анжелес хот түймрийн гамшигт аюулд бэлтгэлтэй байж чадаагүй асуудал улс төрийн хүрээнд шүүмжлэл дагуулж эхэлсэн. Улстөрчдийг буруутгасан нийтлэл, ярилцлагууд ар араасаа маргаан дэгдээж байгаа ч яаралтай тусламжийн ажиллагаа үргэлжилсээр байна. Мэргэжилтнүүд “CNN”-д ярилцлага өгөхдөө тус бүс нутаг “хосолсон хүнд нөхцөл байдал”-д орсон гэдгийг онцолж байна.