Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Гурван сарын хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг оролцохоор мэдүүлэг өгсөн. Тэгвэл өдгөө гуравдугаар тойргийн тоглолтууд эхлэн явагдаж байна. Эмэгтэй гурван баг хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингэснээр гуравдугаар тойрогт эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Гуравдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 25-ны өдөр түр завсарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 2-6-нд “Степ Арена”-д үргэлжлэн явагдана. Харин гуравдугаар тойргийн тоглолт дууссаны дараа хамгийн их оноотой эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг хагас шигшээд шалгарах бөгөөд энэ шатны тоглолт 2025 оны нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ.
Волейболын дээд лигийн тэмцээн 12 дугаар сарын 25-ны өдрөөс түр завсарлаад шинэ оны дараа эргэн ирнэ
Бид 12 дугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр спортын төв ордныг зорилоо. Эхний тоглолт “Улаанбаатар Финикс” болон “Ховд Ижил Алтай торгууд” багуудын хооронд өрнөсөн юм. Тоглолт 3:1 онооны харьцаатай “Улаанбаатар Финикс” багийн ялалтаар өндөрлөсөн. Ингээд тоглолтын дараа тус багуудын төлөөлөл тамирчид болон “Уурхайчин” багийн ахлагч П.Буянжаргал нартай цөөн хором ярилцлаа.
“Улаанбаатар Финикс” багийн хамгаалагч П.Энххүслэн
Сая манай баг “Ховд Ижил Алтай Торгууд” багтай тоглоод 3:1 онооны харьцаатай хожоод ялалт байгууллаа. Тэгээд гурван тойргийн туршид тоглоод ямар ч байсан гурвууланд нь хожлоо. Манай багийн маань хувьд маш туршлагатай легионертэй, өөрсдин бусад монгол тамирчид ч гэсэн нэлээд туршлагатай, залуу үеийн бүрэлдэхүүнтэй баг бий. Манай багийн хувьд маш эвтэй тоглосны хүчинд хожлоо гэж бодож байна.
Миний үндсэн үүрэг болохоор яг “хаах” үүрэгтэй байгаа. “Голын хаагч” гэж явдаг. Гурван жил дарааллан дээд лигийнхээ “Шилдэг хаагч” авч байсан. Энэ жилийн хувьд мөн амжилтаа бататгах зорилготой байгаа. Тоглолтын тактик гэх юм бол айлын довтолгоог хаахгүй юмаа гэхэд ядаж талбайдаа сулруулах ийм зорилготой л тоглож байна даа. Манай багийн хувьд хоёр легионертэй тоглож байгаа. Үндсэн тоглож буй легионер маань өнгөрсөн жил Монголд ирж байсан туршлагатай. Манай багийн хувьд ерөнхийдөө залуу бүрэлдэхүүнтэй баг бий. Өнгөрсөн жил манайх плей-оффт шалгарч чадаагүй. Энэ жил илүү хүчтэйгээр орж ирнэ гэсэн зорилготойгоор тоглоод одоо амжилттай явж байна.
“Улаанбаатар Финикс” баг өмнөх жилийн амжилтаа ахиулж энэ жил плей-оффт шалгарах гол зорилго тавьсан
“Ховд Ижил Алтай торгууд” багийн довтлогч Г.Саруулгэрэл
Манай багийн хувьд гурван легионер гаднаас авчирсан. Колумбаас нэг, 2 Япон тоглогч урьж авчирсан. Жастик, Эрика гэдэг хоёр Япон тоглогч, Колумбаас Валентина гээд холбон тоглогч авчирсан. Манай дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Ренчингийн Хангай гээд дасгалжуулагч. Саяны тоглолтын хожигдлын алдаан дээрээ тулгуурлан манайх бэлтгэл сургуулилтаа хийгээд, цаашдаа багаараа улам нягт нямбай болоод илүү хүчтэйгээр алдаанаасаа суралцаж орж ирнээ.
“Ховд Ижил Алтай торгууд” багт энэ жил гурван легионер тоглогчийг нэгтгэжээ
“Уурхайчин” багийн ахлагч П.Буянжаргал
Одоогийн байдлаар манайх 4 дүгээр байранд явж байгаа. Тэгээд 3 дугаар тойрог нэлээд ширүүн өрсөлдөөнтэй эхэлж байгаа. Гавьяат дасгалжуулагч Баярсайхан багшийн маань бүх шавь нар байгаа. Үүгээрээ бас их давуу талтай, онцлогтой. Ерөнхийдөө манай багийн тамирчид их өндөр, тэгээд яг нэг багшийн шавь нар учраас техник гэх юмуу, тэрүүгээрээ бусдаас ялгардаг байх гэж боддог. Ер нь яг мэргэжлийн түвшиндээ байхыг шаардаад байгаа юм боловуу гэж харж байгаа. Аль болох багууд мэргэжлийн хоол зүйч, хөдөлгөөн засалч гэх юмуу мэргэжлийн түвшинд багаа байлгахыг хичээж байгаа гэж бодож байна.
“Уурхайчин” багийн тамирчид бүгд нэг багшийн шавь нар учраас техникээрээ бусдаас ялгардаг
2024-2025 оны улирлын лигийн эрэгтэйчүүдийн ангилалд “Төв Миг”, “Өмнөговь Энержи”, “Минтонетт Говь”, “Эс Жи Хокс”, “Хилчин Алтайн барс”, “Хасу Мегастарс”, “Натур Бакс” гэсэн долоон баг өрсөлдөж байна.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим”, “Улаанбаатар финикс”, “Ховд Ижил Алтай торгууд”, “Хобби Эйс”, “Өвөрхангай Хашхан”, “Хэнтий Уурхайчин”, “Минтонетт Говь”, “Энагура”, “Хилчин” гэсэн есөн баг өрсөлдөж байгаа. Үүнээс “Минтонетт Говь”, “Энагура”, “Хилчин” баг хоёрдугаар тойргоос тэмцээнээ дуусгаж, үлдсэн зургаа нь плей-оффт шалгарахын төлөө тоглож байгаа юм.