Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг бүх сумдад, тэр дундаа алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх боломжтой автомашинд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон явуулын клиник эмнэлгийг хүлээлгэн өглөө.
Dongfeng маркийн автомашин нь 2024 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 3 өрөө бүхий үзлэгийн кабинеттай, лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, дотрын өвчний зонхилон тохиолдох эмгэгийг илрүүлэх зөөврийн эхо, зүрх судасны өвчний эмгэгийг илрүүлэх зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан утасгүй төхөөрөмж, лабораторийн иж бүрдэл, уушгины багтаамж шалгах спирометрийн аппарат, Монгол орны аль ч цэгт ашиглаж болох Старлик зөөврийн автомашинд зориулсан интернет зэрэг 24 нэр төрлийн 206,351,000 төгрөгийн тоног төхөөрөмж, нийт 978,184,000 төгрөгийн өртөгтэй нүүдлийн клиникийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүвэн-Уул ХХК тендерт шалгаран нийлүүлсэн байна.
Нүүдлийн клиникийг гардуулах үеэр тус клиникт шаардлагатай байгаа ходоодны дурангийн талаар аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эрүүл мэндийн үйлчилгээ иргэн бүрд хүрэх боломж бүрдэж байгаад талархалтай буйгаа илэрхийлсэн юм.
Манай нарийн мэргэжлийн эмч нар өмнө нь явуулын амбулаторийн үзлэгээ фургон болон уаз 469 машинд зөөврийн эхо аппарат гэх мэт авч явах боломжтой зарим тоног төхөөрөмжөө авч яван сумын эмнэлгээ түшиглэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгээ хийдэг байсан бол одоо алслагдсан баг, өрх, гэр бүлд хүрч үйлчлэн оношилгоо эмчилгээ хийх боломж нөхцөл бүрдэж байна.