“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай, “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-ийн дэмжлэгтэйгээр Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Боловсролын газар хамтран “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилго нь бүх шатны боловсролын сургалтын чанарыг сайжруулж, хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй, хүртээмжтэй боловсролын орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
Ингэснээр эерэг хандлага, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэх зорилготой.
Гол зорилтууд:
-
Ур чадвартай багш, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх
-
Эрүүл, аюулгүй, тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлэх
-
Зөв хандлагатай, бүтээлч, бие даасан иргэн төлөвшүүлэх
Хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 5 дугаар сургуульд дунд ахлах ангийн химийн ухааны кабинет, бага ангийн байгалийн ухааны кабинетыг нийт 108,990,000 төгрөгөөр тохижуулж, хүлээлгэн өглөө.
Бага болон дунд ахлах ангийн хими, байгалийн ухааны туршилтын кабинетыг байгуулж өгснөөр шинжлэх ухааны туршилттай хичээлийг тогтмолжуулж, тухайн судлагдахууны хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулахад дэмжлэг болох бөгөөд сурагчдад хими, байгалийн ухааны хичээлийг сурах сэдлийг төрүүлэхэд эерэг нөлөөтэй юм.