Сэтгэлээ сэргэтэл балбуулж, ваучер тараах 18.6 тэрбум төгрөгийн төсвөө цээжээрээ хамгаалан батлуулсан Ч.Номин сайдын төлөвлөгөөт ажил олон нийтийг, тэр дундаа хүүхдүүдийг доромжлох шиг болов. Хаанаас нь ч харж, аль талаас нь бодсон ч “таг харанхуй” төлөвлөгөөт ажлаа тэр, Соёлын салбар, хүүхдийн төлөө гэх нэрэн доор монголын ирээдүйд нэн хэрэгтэй мэт сурталчилж олны бухимдлыг төрүүлсээр байна. Ингэхдээ 16-18 насны хүүхдэд жил бүр 100 мянган төгрөгийн соёлын ваучер “тарааж” кино үзүүлэх эсвэл ном уншуулах, дугуйлан секцэд хамруулах юм байх.
Соёл, спортын эрхийн бичиг-хамрагдах боломжтой соёл урлаг, спортын арга хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт гээд жирийтэл нь бичиж Х хуудастаа байршуулсан түүний агаарын төсөөлөл ажил хэрэг болох нь эргэлзээтэй.
ТАВАН КГ МАХНЫ МӨНГӨӨР НЭГ САР Ч ДУГУЙЛАНД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ
Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байна. Сайдын цээжээрээ хамгаалсан 18.6 тэрбум төгрөгийг 186 мянган хүүхдэд хувааж үзвэл илүү ч үгүй, дутуу ч үгүй 100 мянган төгрөг нэг хүүхдэд оногдож байгаа юм.
Гэвч таван килограмм үхрийн махны үнээр бүтэн жил дугуйлан секцэд хамрагдаж, хөгжих боломж хаана байгаа вэ? Соёлын үйлчилгээ үзүүлэх 127 үйлчилгээний жагсаалт дунд 100 мянган төгрөгөөр нэг хүүхдэд, бүтэн жил үйлчлэх байгууллага бий юу? Энэ ажлаа хэрэгжүүлэх зохицуулалтаа хийсэн үү? Бүр цаашлаад төгөлдөр хуур, уран зураг, усан бассейн байтугай гараад гулгачих тоглоомын талбайгүй орон нутаг, нийслэлийн захын хорооллын хүүхдүүдийг яаж хамруулах гэж байна вэ? гэх олон зуун асуулт ундарна. Эцэстээ арилжааны шинжтэй, агуулгагүй, чанар муу киногоо хүүхдүүдэд шахаж таарах биз гэх хардлага олон нийт дунд бий.
Цэцэрлэгийнхээ хашаанд монгол гэр барьж 20-30 хүүхэд авч СӨБ-ын үйл ажиллагаагаа явуулж буй нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр. “Сампирчихсан” тоглоомын талбай дээрээ гэмтэж, тоглоомондоо даруулж эндсэн тохиолдол ч цөөн биш. Нөхцөл байдал улны байтугай доройтсон хэвээр байхад илүү чухал зүйлээ эрэмбэлж эс чадан, дэмий зүйлд мөнгө зарцуулж байна гэх хүмүүс ч олон байна.
ДУГУЙЛАН, СЕКЦҮҮДИЙН НЭГ САРЫН ДУНДАЖ ТӨЛБӨР 200 МЯНГӨН ТӨГРӨГ
Бид хүүхдүүдийн эрх ашгийг “цээжний пан”-гаараа хамгаалдаг мундаг сайдын өгч буй мэдээлэлтэй уялдуулан хэд хэдэн сургалтын төв, урлаг соёлын дугуйлан, спортын секцийн үнийг судаллаа.
Урлаг соёлын үйлчилгээ явуулдаг дугуйлангуудын нэг сарын төлбөр дунджаар 200 мянган төгрөг байна.
- Уран сэтгэмж уран зургийн дугуйлангийн нэг сарын төлбөр 150 мянган төгрөг
- Aurora Ballet & Piano studio нэг сарын төлбөр 150 мянган төгрөг
- Төгс нүүдэл шатрын сургалт, уран зураг, уран барималын дугуйлангийн нэг сарын төлбөр 300 мянган төгрөг
- Lily сургалтын төв, хүүхдийн бүжгийн сургалтын нэг сарын төлбөр 80 мянган төгрөг
- ММХХ Хөгжмийн Академи, Төгөлдөр хуур, хийл, виолончель, нэг сарын төлбөр 320 мянган төгрөг
Харин спортын үйлчилгээ явуулдаг секц дугуйлангийн сарын төлбөр дунджаар 90 мянган төгрөг байгаа юм.
- “SBL Хасын хүлгүүд” сагсны секцийн нэг сарын төлбөр 50 мянган төгрөг
- МҮЭСТО-ны сагсан бөмбөгийн дугуйлан сарын 60 мянган төгрөг
- M&M гар бөмбөгийн сургалт 120 мянган төгрөг
“ЦЭЭЖНИЙ ПАН” Ч.НОМИН САЙДЫН ТАЙЛБАР
Үүнээс харвал Ч.Номин сайдын сайхан сэтгэл дэмий зарлага л болж байгааг харж болно. Ваучер тараахаар төсөвт тусган, дэмжүүлсэн энэхүү ажлаа Соёлын сайд Ч.Номин тайлбарлахдаа,
“Төсөв хэмнэх нь зөв байх өө. Гэхдээ бид үр хойч болсон өсвөр үеийнхнээсээ хэмнээд доголдол үүсэхгүй болов уу. Хүнийг хүн болгодог зүйл бол соёл. Боловсрол олгох орчин бол зөвхөн сургууль биш. Хүүхдүүдэд соёлын орчин хэрэгтэй. Ваучер авсан хүүхдүүд зөвхөн кино жүжиг үзэхгүй. Ном худалдаж авна. Дугуйлан секцэд хамрагдана. Соёлын яамнаас дөрвөн жилийн хугацаанд, 50 мянган хүүхэд дээр судалгаа хийсэн. Хүүхдүүдийн 94 хувь нь энэхүү эрхийн бичиг хэрэгцээтэй байна гэж үзсэн” гэсэн юм.