Маргааш буюу 11 дүгээр сарын 1-нээс ААН, 2025 оны зургаадугаар сарын 1-нээс айл өрхийн цахилгааны төлбөрийг 30, ус, дулааны төлбөрийг 43-86 хувиар нэмнэ. Тэгвэл цахилгааны дулааны төлбөр нэмэгдсэнээр айл өрхүүд сард хэдэн төгрөг төлөх болж буй талаар дэлгэрүүлье.
Дөрвөн ам бүлтэй, 45-50 м.кв орон сууцанд амьдардаг өрх сард хэдэн төгрөг цахилгаан, дулааныхаа төлбөрт өгдөг болох вэ?
- Дөрвөн ам бүлтэй айлын цахилгааны сарын төлбөр дунджаар 35-40 мянган төгрөг байна. Харин үнэ өсөхөөр 70-80 мянган төгрөг болно. Өөрөөр хэлбэл цахилгаан хэрэглээний нэг сарын төлбөр дунджаар 15 мянган төгрөгөөр өснө гэсэн үг.
- Харин дулааны төлбөр нь сард 45 мянган төгрөг гардаг гэж үзэхэд хоёр дахин буюу 90 мянган төгрөг болохоор байгаа юм.
Харин хоёр ам бүлтэй, 48 м.кв орон сууцанд амьдардаг айл өрх сард цахилгааны төлбөрт дунджаар 20 мянга, ус дулааны төлбөрт дунджаар 28-30 мянган төгрөг төлдөг. Тэгвэл тариф өссөнөөр цахилгааны зардал 28-30 мянган төгрөг, ус дулааны зардал 46-60 мянган төгрөг болж өснө.
Өнөөдрийн байдлаар цахилгаан дулааны төлбөрийн өрхийн орлогод эзлэх хувь 3.1 байгаа. Тариф өөрчлөгдөхөд 5.4 хувь болно. Харин халаалтын бус улиралд 2.2-3.5 хувь байна. Урьдчилсан байдлаар өгсөн мэдээллээр бол цахилгааны үнэ тарифыг шаталсан байдлаар тогтоож, эхний 150 кВт.ц-ыг 175 төгрөгөөр, түүнээс илүү гарсныг 29.6 хувь нэмэгдүүлж, 280 төгрөгөөр тооцох бол дулааны тариф 33,862 төг/Гкал байгааг 42.6-85.9 хувь нэмэгдүүлж, 62,960 төг/Гкал болгохоор төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар цахилгааны үнэ тариф
1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 150 квт.ц хүртэлх хэрэглээг 98,40 төгрөгөөр, үүн дээр Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф квт тутамд 11.88 төгрөг
151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээг 118,20 төгрөгөөр
ахуйн тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг 350 квт цагаар тооцох бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 11.88 төг квт.цагийг цахилгааны тариф дээр нэмж тооцдог байна.
Аж ахуй нэгжийн цахилгааны үнэ тариф
1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 128.50 төгрөгөөр
Хэрвээ хоёр тарифт тоолууртай бол
- Өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь 104.30 төгрөгөөр / өглөөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/
- Орой, шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр /оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл /
Хэрвээ гурван тарифт тоолууртай бол
- Өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь 128.50 төгрөгөөр / өглөөний 06.00 цагаас оройн 17 цаг хүртэл/
- Оройн хэрэглээ 209.80 төгрөгөөр /оройн 17 цагаас шөнийн 22.00 цаг хүртэл /
- Шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр / шөнийн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл / тооцно.
Дээрх үндсэн тариф дээр суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж бүхий 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамдаа 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж тооцох аж.
Өөрөөр хэлбэл та сард 150 квт хүртэлх цахилгаан ашигладаг гэж үзвэл таны цахилгааны одоогийн үндсэн дүн 16 мянга 542 төгрөг бөгөөд 30 хувиар нэмэгдвэл 21 мянга 504 төгрөгийн төлбөр төлнө гэсэн үг. Харин дээрх зардлуудыг нэмбэл 150 квт хүртэлх цахилгааны сарын хэрэглээтэй, энгийн тоолууртай өрхийн 30 хувь нэмэгдсэн зардал нийт 28 мянга 254 төгрөг болно.
Сарын нийт цахилгааны хэрэглээ 151 квт цагаас өндөр буюу сард 250 квт цаг цахилгаан зарцуулдаг өрх одоогийн дүнгээр /зардал нэмэгдээгүй/ дүн 32 мянга 520 төгрөг төлдөг бол 30 хувь нэмэгдсэний дараа 42 мянга 276 болж өсөх юм.