Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ЮНЭСКО-ийн Монголын Үндэсний комисс хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн боловсрол” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “НҮБ-аас гаргасан тайланд дэлхий нийтэд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн давтамж гурав дахин ихэснэ гэсэн судалгааны дүн байна. Иймд бид гамшгаас хамгаалах төлөвлөлтдөө онцгой анхаарч, гамшгийн үеийн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд багачуудаа гамшгаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг ойлголттой, зөв харилцаа хандлагатай болгон төлөвшүүлэх нь чухал асуудлын нэг болоод байна. Монгол Улсын Засгийн газраас нийт хүн амын 38%-ийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдийн хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хүүхдийн эрхэм дээд, язгуур эрх ашгийг хамгаалах, гэр бүлдээ аюулгүй тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдүүдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь өнөөдрийн сургалт юм” хэмээн онцолсон юм.
Энэ сарын 17,18-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад ОБЕГ, Боловсролын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон нийслэл, дүүрэг, аймгийн Боловсролын газар, хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Гамшиг, онцгой байдлын үед боловсролын салбарын бэлэн байдлыг хангах, эрсдэлийг багасгах, гамшгийн үеийн хүүхэд хамгааллыг сайжруулах, мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР