ДЭМБ-ын тандалт судалгаагаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн асуудалтай гэх дүн гарчээ. Харин нийтлэг тулгамдаж буй нь стрессийн түвшин ихсэх, түгших эмгэгт автах, нойргүйдэлтэй нүүр тулгарах гэх мэт асуудлууд байна. Бид стрессийг зөвхөн сөрөг талаас нь харж, байж боломгүй муу зүйл мэт хүлээж авах нь талаараа оновчтой биш. Учир стресстэх үйл явц нь хувь “чанар”-ыг сайжруулж байдаг талаар мэргэжилтнүүд онцоллоо.
Монголын сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний нийгэмлэгийн тэргүүн Н.Туяа:
Стрэсс хүн заавал байх ёстой, хэрэгтэй зүйл мөн. Зарим хүнд өөрийгөө ялан дийлэх маш том хөшүүрэг болж өгдөг юм. Стрэсс хүний сэтгэл хөдлөлөөр илэрч байна уу, төрх үйлээр илэрч байна уу, биеийн шинж тэмдгээр илрээд байна уу, танин мэдэхүйгээр илэрч байна уу гэдгээс хамаараад, бидний хариу урвал өөр байгаа юм. Тиймээс стресс гэж том зүйл байдаг юм. Үүнийг бид даван туулах ёстой. Энэ нь хүнд дэвших, дасан зохицох чадварыг бий болгож, аливааг давж гарах маш том алхам болдог. Нэг үгээр бол хүч болно гэв.
Харин СЭМҮТ-ийн Стрессийн II клиникийн эрхлэгч Г.Гантулга:
Стресс гэдэг бол хүрээлэн буй орчноос ирж байгаа таагүй нөхцөлд хариу урвал үзүүлж байгаа хэвийн явц. Уур бухимдал ч гэсэн хүнд байдаг хэвийн сэтгэл хөдлөлүүд. Гэвч бид уур бухимдал байх ёстой гэх тал руу нь хазайж болохгүй. Уур бухимдал ихэвчлэн ямар нэгэн түрэмгийлэл, харилцааны зөрчил үүсгэхгүй байх ёстой. Стрессээ шийдэхийн тулд хувь хүн өөрөө, хэрхэн үүнийг даван туулах, миний онцлог юу юм. Стресс бухимдлаас өөрийгөө гаргах арга, аргачлал юу байдаг вэ гэдгийг эргүүлээд харах ёстой байх.
2022 оны ДЭМБ-ын хийсэн тандалт судалгаагаар, нийт хүн амаас найман хүн тутмын нэг нь сэтгэцийн өвчлөлтэй, тулгамдсан асуудалтай байгааг харуулсан. Нийтлэг асуудал нь стресс, нойргүйдэл, сэтгэл түгшил. Эдгээр нь нийгмийн тогтвортой байдал, эрүүл мэндийн боловсрол, нийгэм хамт олноос дэмжлэг ирэхэд бүрэн зохицуулагдах боломжтой асуудал гэлээ.
Ууртай хотод өглөө, өдрийг өнгөрөөж буй бидэн дундаас стрессгүй, тайван, сайхан ааштай хүн олно гэдэг, өвсөн дундаас зүү хайхтай адил хэцүү. Бид стрэссийн тухай дөрвөн хүнээс тодруулахад тэд ихэнхдээ бухимдахаас өөр аргагүй нөхцөлд байдаг талаараа хэлсэн юм. Тэгвэл стрэссээс бага ч атугай өөрийгөө ангижруулах хэд хэдэн алхам бий. Үүнд эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, хоббитой байх зэргийг дурдаж болно. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар стрэсс нэг талаараа хүч болдог ч олон сөрөг үр дагавартай гэдгийг санаарай. Тухайлбал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутралд ч оруулж болох юм. Иймд таны бие болоод сэтгэлпд ойлгомжгүй асуудал тулгарвал мэргэжлийн сэтгэл зүйч, эмчид зайлшгүй хандаж сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихийг сануулж байна.