Эрт үеийн боловсрол буюу хүүхдийг нялх байхаас нь ухамсартайгаар аливаад чиглүүлэн хөгжүүлэх нь төсөөлшгүй их үр дүнг өгдөг талаар олон сонирхолтой судалгаа хийгдсэн байдаг. Сүүлийн жилүүд Монгол ээж аавууд ч хүүхдийн эрт үеийн боловсрол хэчнээн чухал болохыг ойлгож хүүхдээ төрөл бүрээр хөгжүүлэхэд анхаарах болжээ.
Эрт үеийн хөгжил,боловсрол гэж юуг хэлээд байна вэ?
Хүүхэд эхээс төрснөөс хойш эхний 3 жил тархины эсийн 70-80 хувь хөгжиж гүйцдэг учир энэ үед суралцах чадвар нь хамгийн өндөр байдаг. Sony корпорацын захирал Масару Ибука олон жил хүүхдийн тархи, хөгжлийн процессыг судалсны эцэст эрт үеийн боловсрол олгосноор эрүүл саруул хүүхдийг гоц ухаантан болгодог бол оюуны бэрхшээлтэй хүүхдийг энгийн ухаалаг хүүхэд болгож болохыг нээсэн байна. Тэрээр өөрөө оюуны бэрхшээлтэй хүүтэй байсан бөгөөд хүүгээ хөгжүүлэхийн тулд олон жил уйгагүй судалгаа шинжилгээ хийсэн боловч үүний үр дүнд 0-3 насанд хүүхдийн тархи хамгийн дээд түвшинд хөгждөг болохыг тогтоожээ. Хүүгийнхээ тэр алтан үеийг алдсандаа харамссан тэрээр олон эцэг эх эрт үеийн боловсрол хэчнээн чухал болохыг ойлгоосой гэсэндээ 1971 онд буюу одоогоос 50 гаруй жилийн өмнө “3 нас хүрэхэд оройтно” номоо хэвлүүлж байжээ. Өдгөө энэ ном дэлхийн олон оронд орчуулагдан хэвлэгдэж эцэг эх, асран хамгаалагчдын талархлыг хүртээд байгаа юм
Хүн төрөлхтөн сод авьяасыг удамшил, төрөхөөс заяасан чадвар гэж үздэг. Тиймээс Моцартыг 3 насандаа анхны концертоо тоглосон гэхэд энэ мэдээжийн хэрэг шүү дээ тэр суутан юм чинь гэдэг. Харин түүний балчир үеийн талаар судлаад үзэхэд аавынх нь хүмүүжлийн арга барил түүнийг суутан болоход чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүнийг төрсөн цагаас нь аятай тухтай орчинд өсгөж хүмүүжүүлж, гайхалтай сайн боловсрол олгосны ачаар түүний авьяас дээд зэргээр хөгжжээ.
- Хүүхэд 5 сартайгаасаа л хөгжмийг үнэлж дүгнэж чаддаг. Тиймээс сайн хөгжим, уран зургаар хүрээлүүлэх нь тархины хөгжил, зан араншин, тэр бүү хэл гадаад төрхөд эерэг нөлөөтэй.
- Хүүхдээ олон удаа гар дээрээ авах, тэврэх нь хүүхдийг уян зөөлөн, хүнлэг мэдрэмжтэй болгодог.
- Хүүхэдтэйгээ тултираа хэлээр ярихгүй байх. Анхнаасаа зөв цэгцтэй ярьж, хүндэлж харьцах нь өөрийгөө зөв илэрхийлдэг, өөртөө итгэлтэй нэгэн болоход нөлөөлдөг.
- Хүүхдэдээ хэтэрхий их мэдээлэл өгөөд байна уу гэж санаа бүү зов. Харин энэ хурдацтай хөгжиж байгаа тархинд би хэрэгтэй мэдээлэл өгч байна уу,хангалттай тэжээж чадаж байна уу гэдэгтээ санаа зов. Одоогоос нэг зууны өмнө Мария Монтессори “Хүүхдийн тархи яг л хөвөн усыг шингээж авдаг шиг, мэдээллийг хурдан хугацаанд гүйцэт хүлээж авдаг” гэдэг санаагаа буюу шингээгч оюун ухаан гэх онолоо тайлбарлаж байв
- Нас биед хүрсэн хүн аливаа хэлийг сурахын тулд маш их тууштай байдал, хичээл зүтгэл гаргадаг. Харин балчир хүүхэд тоглонгоо, хөгжилдөнгөө биднээс ч илүү төгс сурч чаддаг байна. Бидний тархи аливааг хийхдээ, сурахдаа дарамт ачаалал гэж хүлээж авдаг бол тэдний тархи тоглоом хөгжилтэй зүйл, тоглоом гэж нээлттэй хүлээж авдаг.