Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ойртож буйтай холбоотойгоор эрх баригч намынхан хийж бүтээснээ, сөрөг хүчнүүд хойрголж, хойш суусныг нь ярьж шаагилдацгаасан тухгүй өдрүүд үргэлжилж байна.Тухгүй өдрүүд гэснээс хотоосоо, амьдарч байгаа орчноосоо бид ер нь тухтай мэдрэмжийг авдаг бил үү?
Гэр орон хүнд тухтай аюулгүй мэдрэмжийг өгч байдаг. Тэгэхээр гэрийн ойролцоох орчин ч мөн адил бидэнд танил дотно, аюулгүй тайван мэдрэмжийг өгч байх ёстой биш гэж үү. Хэд хэдэн дүүргийн дарга иргэдийн амьдрах орчин чухам сайжирсан, гэрэлтүүлэггүй суурьшлийн бүс гэж байхгүй болсон гэх мэтээр барим тавим ярьж байв. Чухамхүү бодит байдал ямар байгааг иргэдээс тодруулснаа хүргэж байна.
Гэрлийн шонгууд байдаг ч гэрэл нь асдаггүй
Баянзүрх дүүргийн оршин суугч Ц.Наранзул 31 настай
Би орон сууцанд амьдардаг 40 орчим блоктой томоохон хороолол гэвч гэрэлтүүлэг нь ихэнхдээ асдаггүй. Автобусны буудлаасаа 2км зайтай. Том хороолол учир 2-3 байр дундаа нэг хогийн цэгтэй. Харих замд минь яг 6 хогийн цэг таардаг юм. Тэр бүр дээр золбин ноход, хог түүдэг хүмүүс байж л байдаг. Өглөө, оройдоо айдастай алхаж явахдаа хэрхэн өөрийгөө зоригжуулдаг гээч “Надаас жаахан хүүхдүүд гэр хороололд энэнээс аймшигтай замаар алхаж яваа шүү дээ” гэж хөөрхийлөлтэй байгаа биз.
Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Цэдэв 74 настай
Манайх Дарь Эхэд байдаг. Би гэрээсээ нэг их гараад байдаггүй л дээ. Гэхдээ тэтгэврээ авч, хүнсээ цуглуулах жилдээ ганц хоёр удаа ахмадын уулзалт,цуглаанд очих гэх мэтээр гарах үеүд бий. Манайх бага зэрэг өндөрлөг газар амьдардаг.Өвөл халтиргаа гулгаа, хавар үерийн ус газар эвдэж ховил үүсгэснээр зам явахын эцэсгүй болдог.
Ил задгай хогноос үүдэж золбин нохой, муур олноор цугладаг
Баянгол дүүргийн оршин суугч Б.Баярчимэг 24 настай
Би Бичил хороололд амьдардаг. Манай энэ хавьд хог бол хамгийн том асуудал. Түүнийг дагаад золбин нохой, муур, орон гэргүй хүн гээд өөр олон асуудлууд үүсэж байдаг. Дараагийн асуудал нь үер, ойр хавьд ус зайлуулах шугам хоолой байхгүй учир жил бүр л үерлэдэг. Ховдол, гол урсаж байгаа юм шиг тийм л их ус тогтдог доо. Авахаас манай ойр орчмын гэрэлтүүлэг сайн шүү.
Баянзүрх дүүргийн оршин суугч Б.Тэмүүлэн 15 настай
Манай гэрээс сургууль хүртэл явган хүний зам байдаггүй. Гарц, гарцын тэмдэглэгээ мөн байдаггүй. Энэ нь бидэнд төвөгтэй байдал үүсгэдэг мөрөөрөө хичээлдээ явж байгаад л машинтай ах эгч нарт загнуулах шаардлагатай болдог. Бас өглөө орой гэлтгүй өдрийн аль ч цагт нохой их тааралддаг. Гэрлийн шонгууд байдаг ч гэрэл нь их бүдэг. Бас хол хол зайтай байрладаг учраас харанхуйгаас нэг их ялгаагүй санагддаг.
Энэ мэтээр иргэд өөрсдийн ойр орчимдоо ямар асуудал тулгамдаж байгаа талаар нөхцөл байдлаа хуваалцлаа. Тэдний хэлж байгаагаар хог, золбин нохой, гэрэлтүүлэг,үер усны асуудал нь айдасгүй тухтай амьдрах боломжийг үгүй хийж байгаа хамгийн том хүчин зүйл ажээ.