Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн долдугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжинтэй ярилцлаа.
-Нийслэл хотод өнгөрсөн жилүүдийн хамгийн том алдаа дутагдал нь стандарт алдагдсан гэж шүүмжлэх нь бий. Та ч бас хотын стандарт, эрүүл аюулгүй орчны талаар дуугардаг хүмүүсийн нэг. Энэ удаад хотоо стандарттай болгоё, нийслэлчүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах бодлого дэвшүүлэн, НИТХ-д дэвшиж байна. Таны шийдэл юу байх вэ?
-Хүн амын дийлэнх олонх нь амьдардаг Улаанбаатар хот стандартгүй болсон гэж олон жил ярьж, хэлж байгаа. Энгийнээр хэлбэл, хотын стандарт гэдэг бол амьдарч буй орчин нь цэвэр, тохилог, эрүүл, аюулгүй амьдрахад хэрэгжүүлэх, дагаж мөрдөх дүрэм, журам юм. Аюулгүй, соёлтой, амьдрахад таатай Улаанбаатар хотыг бий болгохын тулд хотын стандартын тогтолцоог хөгжүүлж, бүтээн байгуулалт, барилга байгууламж, үйлчилгээнд дэлхийн жишигт хүрсэн чанарыг нэвтрүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нь маш чухал. Хог, орчны бохирдол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн стандарт, гэр хорооллын гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудлууд бий. Энэ чиглэлээр хот, дүүргийн хэмжээнд тодорхой оновчтой бодлого хэрэгжүүлэхэд гар бие оролцож, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тийм ч учраас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Иргэндээ ээлтэй, хүн төвтэй шийдлүүд гаргахад бусад улсын сайн туршлагыг судлаж, боловсруулан нэвтрүүлэх талаар ажиллаж байна.
-Тэгвэл та хотоо стандарттай болгоход хамгийн түрүүнд ажлаа юунаас эхэлнэ гэж бодож байна вэ?
-Орон сууцны барилга байгууламжийн стандарт, үйл ажиллагааг сайжруулахад сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа шууд нөлөө үзүүлдэг. Энэ бол СӨХ. Нийслэлд 1500 орчим СӨХ ажиллаж байна. Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сууц өмчлөгчдийн эрхзүйн байдлын тухай хууль 2003 онд батлагдсан. Өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм. Иргэд ажиллаж, хурааж хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц худалдаж авдаг. Гэтэл СӨХ-ны хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж байрны үнэ цэн унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад явбал үнэ цэнээ хадгалж, бүр өсөх ч боломжтой байдаг. Тийм учраас СӨХ илүү мэргэжлийн менежмент явуулдаг болох ёстой. Оршин суугч, иргэдийн хандлагыг ч өөрчлөх хэрэгтэй. Одоо боловсруулагдаж буй хуулийн төслөөр орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой байгаа. Миний хувьд энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд, нөгөө талаар иргэдийнхээ дуу хоолой болж, СӨХ-ны үйл ажиллагааг шинэчилж, шинэ түвшинд гаргахад идэвх санаачлагатай, оролцоотой байх болно.
“СҮХБААТАР ДҮҮРГЭЭ “ХҮНЛЭГ, ХУРДАН ДҮҮРЭГ” БОЛГОХ УРИА ДЭВШҮҮЛСЭН”
-Сүхбаатар дүүрэг нийслэлийн төвд байдаг. Бараг л төрийн бүх үйлчилгээ энд байдаг. Нөгөө талд сүхбаатарчууд төрийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадаж байгаа юу. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, амьдарч буй орчинд нь өөрчлөлт шинэчлэлт хийхэд таны хэрэгжүүлэх бодлого ямар байх вэ?
Сүхбаатар дүүргийн МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар тусгасан байгаа. Төрийн үйлчилгээг либералчилж, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн, төвлөрлийг задалж, нэг цэгээс төрийн бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн, ХУРДАН цэгийг хороо бүрт байгуулна. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх ухаалаг платформыг нэвтрүүлж “Шилэн дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, арчлалт үйлчилгээг оршин суугчдын оролцоотойгоор тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангана.
Төлөвлөлтийн бус барилгажилтын золиос болсон орон сууцны хотхон, хорооллыг дахин шинэчилж, авто зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулна. Ахмад настны чөлөөт цагаа хамтдаа, үр бүтээлтэй өнгөрөөх Ахмадын өргөөг байгуулах зэргээр төлөвлөсөн байгаа.
-Нийслэлийн МАН-аас “Шинэ Улаанбаатар”, “Хотын сэргэлт”, 20 минутын хот бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ бодлогууд Сүхбаатар дүүрэгт ямар өөрчлөлт авчрах боломжтой вэ?
-Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатар хотын зүрхэнд оршдог, нүүр царай болсон дүүрэг. Гэтэл гудамж талбайн тохижолт, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, нийгмийн салбарын хүртээмж хангалтгүй байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөх боломж байгаа. “Шинэ Улаанбаатар” бодлогын хүрээнд зөв төлөвлөлт, оновчтой шийдвэрүүд гарган хамтдаа нэг баг болж ажиллаж чадвал богино хугацаанд томоохон өөрчлөлт гарч чадна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргээ “Хүнлэг, хурдан дүүрэг” болгоё гэсэн уриаг дэвшүүлж байгаа. Миний хувьд Сүхбаатар дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандартыг мөрдүүлэх, нийгмийн хамгааллын ажлуудыг хэрэгжүүлэхэд мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллахад бэлэн байна.
“ЭМЭГТЭЙЧҮҮД, ЗАЛУУЧУУДЫНХАА ДУУ ХООЛОЙ БОЛЖ ОЛОН ЗҮЙЛИЙГ ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА”
-Та Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны Нийслэлийн салбар холбооны даргаар ажилладаг. Сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн онцлох ажил юу байна?
-СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны даргын ажлыг хүлээж аваад хагас жил болж байна. Энэ хугацаанд 40 орчим ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, 500 гаруй эмэгтэйчүүд оролцсон нийслэлийн эмэгтэйчүүдийн удирдах ажилтны зөвлөгөөнийг “Эмэгтэйчүүд олуулаа” уриан дор зохион байгуулсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг бодитоор нэмэгдүүлэх, оролцоог дэмжих зэрэг асуудлын хүрээнд санал солилцсон. Сүүлийн үед олон нийтээс “Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олуулаа байх шаардлагатай байна. Учир нь нийгмийн чанартай, асуудалд илүү мэдрэмжтэй, анхаарал хандуулдаг” хэмээн дэмжиж байгаа. Нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд гэр бүл, хүүхэд хамгаалал хөгжил, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлуудад төвлөрч, дуу хоолой болж ажиллахаар хичээж байна. Ээжүүд, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын цаана нийгмийн олон асуудал давхар хөндөгддөг. Бид одоо хоёр төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна. “Эрүүл эмэгтэй-эх орны үндэс” эрүүл мэндийн төсөл болон “City woman” “Хотын эмэгтэй” төсөл юм.
-Өнгөрсөн УИХ-ын сонгуульд олон эмэгтэйчүүдийн төлөөлөл багтаж чадсан. Нийслэлийн ИТХ-д ч гэсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл олон сонгогдож, өөрчилж чадна гэдэгт та товчхон хариулт өгөөч
– Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй. Хот, нийслэлийн ажилд эмэгтэйчүүдийн нарийн мэдрэмж, уйгагүй хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай байдаг. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, гээд хүний хөгжил,нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг эмэгтэйчүүдийн төлөөлөл олон сонгогдсоноор богино хугацаанд шийдвэрлэх боломжтой байдаг.
“АЛИВАА АСУУДАЛ БЭРХШЭЭЛД БУУЖ ӨГӨЛГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ ГЭРЛИЙГ АСААЖ АМЬДРАХЫГ ХИЧЭЭДЭГ”
-Уншигчид маань Б.Ану-Үжинтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсч буй байх. Та өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулаач?
– Би нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дунд сургуулиа “Оюуны Ундраа” цогцолборыг төгссөн. “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, “Шихихутуг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. АНУ-ын Линколн их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. Сурч байхдаа үл хөдлөх хөрөнгийн менежмент чиглэлээр дадлага хийж байсан маань өнөөгийн эрхэлж буй салбартаа ажиллахад чухал нөлөө үзүүлсэн. Одоо би барилга байгууламжийн менежментийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани удирддаг. Цэвэрлэгээ үйлчилгээ, засвар, арчилгаа, аж ахуйн нарийн чимхлүүр ажил учраас хурдтай, сэтгэлтэй, энэ салбарын асуудлаа сайн мэддэг байх хэрэгтэй болдог. Тийм ч учраас хот, нийтийн аж ахуйн, барилга байгууламжийн менежментийн талаар оновчтой шийдвэр гаргаж ажиллахад хувь нэмрээ оруулж чадна гэж итгэлтэй байна.
-Таны хувьд нийгэм, олон нийтэд чиглэсэн ажлуудад идэвхтэй оролцдог, санаачлагч юм байна. “Монголын Охидын зөвлөл”, World Clean up зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулагч Б.Ану-Үжин гэхээр хүмүүс илүү мэддэг юм билээ?
-Би айлын ганц хүүхэд учраас багаасаа л их нийтэч, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Нийгэмд идэвх оролцоотой байж, сайн үйлсийн, олон нийтийн төлөө ажлууд санаачлан хэрэгжүүлж, хүмүүст туслах юмсан гэсэн хүсэлтэй явдаг. “Монголын Охидын зөвлөл”-ийг санаачлан байгуулсан. Нийслэлийн 143 сургуульд салбартай, 2000 гаруй гишүүнтэй, 10 мянга гаруй гишүүн дэмжигчтэй. Clean up Mongolia хөдөлгөөнийг 2022 онд санаачлан зохион байгуулсан. Байгаль дэлхийгээ цэвэрлэх, хайрлан хамгаалах нөлөөллийн ажил юм. Дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг энэхүү нөлөөллийн ажил монголд энэ жил дөрөв дэх удаагаа болж, 3500 гаруй залуус оролцсон. “Нэгэн дээвэр дор” УБ хотын найман байршилд ногоон байгууламж нэмэгдүүлэх төсөл, II-р эмнэлэгийн хавдрын тасгийн өрөөнүүдийг засч тохижуулсан, Тусгаар Тогтнолын ордонд хүүхэд хуурайлах өрөө байгуулсан, жил бүр хүүхдүүдийг баярлуулах эвентүүд тогтмол хийдэг гээд ажлуудыг дурдаж болно.
-Та үнэртэй усны брэнд үүсгэн байгуулсан, их өвөрмөц хоббитой юм. “Шарк танк” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцсон санагдаж байна?
-Монголд үнэртэй усны брэнд үүсгэн байгуулсан гэдгээр зарим хүмүүс таньдаг. “Шарк танк” нэвтрүүлэгт амжилттай оролцож байсан. Манайх эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн төрлийн үнэртэй усны брэндтэй. Хоббигоо хөгжүүлээд старт ап бизнес эхлэсэн учраас бүх зүйлийг өөрөө хийдэг. Үнэртэй усаа найруулна, савлана. Чанар, стандартын шаардлага хангасан байх ёстой учраас цөөн тоогоор үйлдвэрлэдэг. АНУ-д сурч байхдаа энэ чиглэлээр сургалтад хамрагдаж, сертификат авсан юм.
-Сонгуульт ажил, нийгмийн ажил, хобби, бизнес гээд олон ажил амжуулдаг их завгүй эмэгтэй юм. Энэ олон ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зарцуулах, энэ бүхнийг тэнцвэржүүлэх гээд төлөвлөлт их чухал. Та энэ бүгдийн тэнцвэрийг хэрхэн төлөвлөж авч явдаг вэ?
–Манайх бага насны хоёр хүүхэдтэй айл. Таны хэлсэнчлэн олон ажлыг зэрэг амжуулах хэрэгтэй болдог. Миний ард гэр бүл минь байдаг. Хамгийн том түшиг тулгуур бол нөхөр минь. Ээж минь бас их туслаж дэмждэг. Намайг багаас минь олон талаар хөгжүүлж, мэдлэг боловсролтой, сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө хичээж, үргэлж дэмжиж ирсэн. Миний хувьд цаг сайн баримтлах, сайн төлөвлөх арга барилыг амьдралдаа хэвшүүлсэн. Аливаа асуудал бэрхшээлд бууж өгөлгүй, өөрийнхөө гэрлийг асаагаад амьдрахыг хичээдэг. Цаашид ч эмэгтэйчүүд, залуучуудынхаа дуу хоолой болж олон зүйлийг хийж хэрэгжүүлэхийн төлөө өнөөдрийнхөө эрч хүчийг алдалгүй ажиллана гэж боддог.