Цастай бороотой жиндүүхэн өдрүүд үргэлжилж, Аймаг, нийслэл сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа ид явж байна. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулж, нэг үгээр бол эрх баригч МАН, сөрөг хүчин гэгдэх АН, ХҮН нэг хөнжилд орж, ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн.
Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн нэгэн содон төрх нь улс төрийн шинэ хүчин болох “Үндэсний эвсэл” байлаа. Н.Номтойбаярын толгойлсон энэхүү шинэ хүчин 360 гаруй мянган сонгогчийн санал авч, УИХ-д төлөөлөлтэй болж, иргэдийнхээ талд зогсох ганц сөрөг хүчин гэдгээр итгэл найдвар төрүүлэх болсон юм.
Тиймдээ ч энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Үндэсний эвсэл “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байна.
Үнэндээ иргэндээ ээлтэй хот байж, иргэн баян байх боломжийг төр, засаг нь олгохгүй эсрэгээрээ өөрсдөө баяжихын тулд бүхнийг хийж ирсэн. Сөөм газар бүрийг зарж, барилган ширэнгэ босгочихоод хүүхэд хөгшид тоглох, нарлах талбайгүй, замын хашлага, хавтангаа байсхийгээд сольдог нь мөнгө угаах нэг төрлийн бизнес нь болчихсон.
Ийнхүү хот маань хулгайчдаар дүүрч, бохирдолдоо сааралтан бүүдийж өдрөөс өдөрт өнгө алдаж, иргэд нь үнийн өсөлтөд дарлуулж, зам дээрээ хэдэн цагаар түгжрэн хамаг цагаа алдаж байна.
Нийслэлчүүд авто замын түгжрэлд өдөрт 3,5-4 цаг, жилд 48 өдрийг зарцуулдаг. Энэ алдагдсан хугацааны нийт өртөг 3.7 их наяд төгрөг гэсэн тооцоо бий. МАН түгжрэлийг бууруулахад,
-2021 онд 420 тэрбум төгрөг,
-2022 онд 523 тэрбум төгрөг,
-2023 онд 420 тэрбум төгрөг,
Нийт 1,4 ИХ НАЯД төгрөг зарцуулсан ба Түгжрэлийн сайдтай болсон ч нөхцөл байдал дээрдэх бус улам дордсон.
МАН 34 жилийн 30 жилд нь нийслэлийг удирдсан. Харамсалтай нь, өнөөдөр ийм л ээлгүй хотыг бүтээжээ. Дахиад 30 жил бид ийм байдалтайгаа эвлэрч суух уу.
Үүнийг одоо л засаж залруулахгүй бол хэтэрхий оройтсон байх болно. Үе үеийн хотын удирдлагуудад эрх мэдэл дутаагүй, мөнгө хөрөнгө ч дутаагүй, гагцхүү сэтгэл л дутсан. Тэдний “Дүүжин тээвэр”, “Метро”, “Тэнгэрийн тойрог”, “Хөнгөн галт тэрэг” гэх сайхан амлалтууд агаарт замхарч, усгүй усан оргилуур, сэндийчсэн газар шороо, хог, бохирдолдоо живсэн хот л үлдсэн. Нэг л өглөө гэр бүлээрээ угаартан амиа алдах нь жирийн үзэгдэл мэт болчихсон нь аймшигтай.
Хөрөнгө мөнгө дутаагүй, харин ч төсвийн мөнгийг хэрхэн үрэн таран хийж байсныг дараах баримтаас харж болно. Тухайлбал,
-Усгүй усан оргилуурыг барихад гурван тэрбум 800 сая төгрөг зарцуулсан бөгөөд 2024 онд нэмж 429,5 сая төгрөгийг төсөвт суулгасан.
-Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дүүжин тээвэр барьж байгуулахаар хоёр улсын Засгийн газар 2019 онд хэлэлцээр байгуулж байв. Зардалд,
-2021 оны төсөвт 414 тэрбум төгрөг,
-2022 оны төсөвт 498 тэрбум 770 сая төгрөг,
-2023 оны төсөвт 24 тэрбум 865 сая төгрөг гээд нийт 937 тэрбум 635 сая төгрөг зарцуулсан байдаг.
Тэрбум тэрбумаар нь зарцуулдаг ч өнөөдөр усгүй усан оргилуур, сүржин мэдээлэл нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ. Нийслэлчүүдийг үнэхээр молигдож чадаж байгаа юм шүү.
“Үндэсний эвсэл” хүчтэй сөрөг хүчний хувьд “Хотоо бохирдлоос аваръя” уриа дэвшүүлж, үүнийгээ бататгахын тулд НИТХ-ын сонгуулийн нээлтээ Улаанчулуутын хогийн цэг дээрээс хийсэн нь урьд хожид байгаагүй шийдэл байлаа. Улаанбаатар хотод жилд 1.4-1.5 сая тонн хог хаягдал гардаг. Жилд дунджаар 300 мянган тонн нэмэгддэг гэсэн судалгаа бий. Харин үүнээс дахин боловсруулж баялаг болгож байгаа нь дөрөвхөн хувь гэдэг нь дэндүү харамсалтай.
Нийслэлийнхний бас нэгэн гачлан үнийн өсөлтийг хязгаарлаж дийлэхгүй явдал юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаг цагаар нэмэгдсээр. Иргэд туйлдсаар…
Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор, иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг арван хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байдаг.
Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн, цалинжуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд татварын дарамтаас үүдэн хаалгаа барих, ядууралд нэрвэгдэх нь ажилгүйдлийг дэврээх гол хүчин зүйл болж байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг цалингийн орлоготой иргэн бүр,
-ХАОАТ-20 хувь хүртэл
-НДШ-26 хувь
-НӨАТ-10 хувь төлдөг.
Цаашлаад 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн нийслэлийн татварын борлуулалтын үнийн дүнгийн хоёр хувь хүртэл нэмэгдүүлсэн.
2023 оны байдлаар 254,876 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс татварын өрийн дарамтыг дийлэлгүй 8000 аж ахуйн нэгж дампуурлаа зарлан хаалгаа барьжээ. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал газар авч, автомашины түгжрэл, агаарын бохирдол, хорт хавдрын өвчлөлд нэрвэгдсээр…
Иргэндээ ээлгүйгээс гадна иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн хот болон хувирчээ.
Цаашлаад МАН энэ оны арваннэгдүгээр сараас цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг нэмэхээр төлөвлөж буй. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэх нь тодорхой болж, энэ хэрээр иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэх нь.
Тодруулбал, эрчим хүчний үнийг нэмснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, энэ үнийн хөөсрөл иргэдийн нуруун дээр ирнэ.
Тиймдээ Үндэсний эвсэл дээр хэлсэн бүхнийг багцалж, мөрийн хөтөлбөрийн амин сүнсээ ”Хотоо хулгайчдаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя” гэсэн дөрвөн агуулгад зангидаж, “Хотоо аваръя” гэсэн товч бөгөөд тодорхой шийдлийг санал болгож байна.
Одоо л биш бол хожимдоно.