Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр (2024.07.08) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж, шүүхийн захиргааны 59 албан хаагч танхим болон цахимаар тангараг өргөлөө.
Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Гадаад харилцаа, мэдээлэл хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасан нар оролцов.
Энэ цаг үеэс Монголын төрийн тулгуур багана шүүх эрх мэдлийн салбарт иргэд ард түмэнд үйлчлэх түүхэн үүрэг та бүхэнд оногдож байна. Түүхэн хэмээн тодотгосны учир бол хүн бүхэн амьдарч буй цаг үеийнхээ гэрч нь байдаг, гэвч цөөн хэд нь бусдаар гэрчлүүлэх өөрийн ул мөрийг түүхэнд үлдээдэг. Харин та бүхнийг би шүүх, хууль зүйн салбарт төдийгүй, Монгол төрийн албаны түүхэнд өөрийн үнэнч зүтгэл, ур чадвар, мэдлэгээрээ ул мөрөө үлдээнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Шударга шүүх гэдэг итгэл бол шүүгчийн гаргаж буй шийдвэрээс өмнө шүүхийн захиргааны ажилтны ур чадвар харилцаа хандлагаас л үүсэж эхэлдэг ойлголт гэдгийг үргэлж санаж өргөсөн тангараг ёсоороо ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаарай.
Шүүх эрх мэдлийн салбарын залгамж халаа болж шударга шүүхийн төлөө зүтгэх та бүхний ажил, үйлсийн их аянд амжилт ерөөе. Харин төрд өргөсөн тангараг гэдэг ерөөл биш хариуцлага байдаг гэдгийг үргэж санан, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэхийг хүсье” гэв.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөл нь 2024 онд шүүхийн захиргааны байгууллагаас ирүүлсэн Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 317 /давхардсан тоогоор/ сул орон тооны захиалгын дагуу 3 удаагийн тусгай шалгалтыг зохион байгуулж, нийт 85 сул орон тоог нөхсөн.
Мөн 2024 оны хагас жилийн байдлаар захиргааны ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн зэрэг шүүхийн захиргааны 197 албан хаагчийн зэрэг дэвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар шинээр болон ахиулан олгосон юм.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс 2024 онд Төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2 удаа танхим болон цахимаар зохион байгуулж, шүүхийн захиргааны нийт 102 албан хаагчийг тангараг өргүүлсэн байна.