ХУД-ийн 15 дугаар хороонд МАК групп 41 давхар зочид буудал барихаар суурийн ажлаа эхлүүлсэн нь дэргэдэх орон сууцны аюулгүй байдалд эрсдэл учруулаад байна.
Тодруулбал, МАК групп барилгын сууриа ухахдаа зэргэлдээх KH апартментийн хоёр блокийн суурь руу оруулж, ил гаргасан нь оршин суугчдыг айдаст автуулаад буй юм. Ингэхдээ оршин суугчид, СӨХ-ныхонд гүйцэтгэгч компанийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй байгаад бухимдаж байна. 2014 оноос үргэлжилж буй зочид буудал сүндэрлэх уг төсөл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй болохыг албаныхан мэдээлж буй.
Үүсээд буй асуудлын талаар ХУД 15 дугаар хорооны засаг дарга ярихдаа, “ Бид холбогдох газруудад гомдол санал хүргүүлсэн байгаа. Одоогоор хүлээсэн л байдалтай байна. Оршин суугчдаас гомдол маш их ирж байна. Барилга нурах эрсдэл үүсээд байгааг сануулсаар байгаа юм. Гомдол, хүслүүдээ Хотын хяналтын газар, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн” гэлээ.
Харин асуудлын талаар оршин суугчид:
- Энд барилга огт барьж болохгүй гэдэг зүйлийг бид яриагүй. Бидний эрх ашгийг бодоогүйд асуудал байна. Барилгын суурийг гартал ухчихсан байгаа. Гүйцэтгэгч компани хариуцлагатай байж мэдээлэл өгөх ёстой. Хэр удаан хугацаанд үргэлжлэх, манай байрны суурь ил гарсан нь хэр аюултай болох талаар ямар ч мэдээлэлгүй учраас бухимдаж байна. Ингэж ухсанаас үүдэн гражны хана цуурч, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын цонх хагарсан байна.
- Энд юу хийх гэж байгаа талаар оршин суугчдад ямар ч мэдээлэл өгөөгүй. Барилгын ажил явуулахдаа хашаан дээрээ ямар нэгэн мэдээлэл байршуулдаг шүү дээ. Тийм зүйл огт алга. МАК иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна.
- Барилгын ажил өглөө 05 цагаас эхлээд 22 цаг өнгөрч байхад дуусдаг. Битүү тоос шороо дуу чимээн дунд амьдарч байгаа. Унтаж чадахгүй байна. Суурь нь ил гараад ирсэн барилга нурахгүй гэсэн баталгаа байхгүй. Гомдолтой байна гэлээ
Бид асуудалтай холбогдуулан БХБЯ-ны салбарын хяналтын газрын улсын байцаагч н.Дашдаваагаас тодруулахад, “Барилга барьж эхлэх зөвшөөрлийг нийслэлээс гаргах ёстой. Нийслэлийн хяналтын газар зөвшөөрөл өгөөгүй юм билээ. Одоогоор барилгын байцаагчийг иртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Асуудалд ямар арга хэмжээ авах талаар судалж байна. Барилгын ажлын өнөөдөр түр зогсоосон. Асуудал прокурорын түвшинд шийдэгдэнэ. Өчигдөр газрын дарга нь манайхтай холбогдоод байцаагч тавьж өгөх хүсэлт гаргасан. Яам бол зөвшөөрөл өгдөг газар биш юм. Яам бол улсын хөрөнгө оруулалтаар хийж байгаа сургууль цэцэрлэгийн гэх мэт барилгын ажлыг хариуцаж, хяналт тавьж ажилладаг” гэв.
Бид үргэлжлүүлэн Нийслэлийн стандарт хяналтын газрын дарга н.Батбаатараас асуудлын талаар тодруулахад, “Мэдээлэл өгөх завгүй байна. Яамнаас тодруулах нь зүй. МАК барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй эсэхийг утсаар мэдээлэх нь зохимжгүй” гэсэн юм.
Харин “Монголын Алт” (МАК) ХХК үүсээд буй асуудалд тайбар өглөө. Ингэхдээ, “Барилгын төслөө анх 2012 онд эхлүүлж, сууриа цутгаж байсан бөгөөд түүнээс хойш талбайн хэмжээ, төлөвлөлт өөрчлөгдөөгүй болно. Харин KH Aparment-ийн хувьд 2015 оноос төслөө эхлүүлэхдээ манай зөвшөөрөлтэй газар луу 5.6 метр илүү оруулан барилгаа барьсан болно. Манай төслийн гүйцэтгэгчээр 2023 онд “China State Construction Engineering Corporation” буюу CSCEC компани шалгарч, одоогоор талбайн бэлтгэл ажлаа хангаж байна. Уг бэлтгэл ажлыг мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж дор экспертизээр батлагдсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж байна. Энэ хүрээнд хамгаалалтын шон, суурь цутгаж байгаа бөгөөд энэ нь хөрсний ус зайлуулах ажлын бэлтгэл юм. Энэхүү ажлаас шалтгаалан зэргэлдээ барилгуудад ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
Оршин суугчдад тулгамдаад буй асуудалд БХБЯ, Нийслэлийн стандарт хяналтын газраас тоймтой мэдээлэл өгсөнгүй. Өөрөөр хэлбэл бие биелүүгээ нялзааж, зөрүүтэй мэдээлэл өгсөөр байгаа юм. Бид асуудлын талаар үргэлжлүүлэн сурвалжлах болно.