Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долдугаар сарын 25-нд АНУ-ын Вашингтон хотноо Мекка үндэсний хэвлэлийн клубээс зохион байгуулсан уулзалтад хүндэт зочноор оролцож, сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалжээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Гайхалтай. Сайхан мэдээ. Өнгөрсөн долоо хоногт Хэвлэлийн эрх чөлөөний Мекка гэх Үндэсний хэвлэлийн клубт хүндэт зочноор уригдаж сэтгүүлчид, улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалж ажилласан.
Өнөрцэцэгийн асуудлыг олон улсын сэтгүүлчдийн клубын анхааралд бас оруулав. Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш.
Сэтгүүлч ээжээ суллахад туслаач гэж хоёр охин нь аавтайгаа тусгайлан ирж уулзсан. Зураг нь энд байна. Тэр охин Ерөнхийлөгч Байдентай бас уулзаж суллагдсан ээжтэйгээ өрөөнөөс нь утсаар ярьж, төрсөн өдрийнхөө дууг дуулуулаад зогсож байна.
Өнөөдөр маш олон хүн цоожтой хаалганы цаанаас гарч ирж эрх чөлөөний төлөө тэмцэгчид, дэлхийн сайн тал баярлаж байна. Эрх чөлөөтэй болсон заримынх нь нэрийг энд хэлье. Манай хаяанд байгаа шоронгоос суллагдсан түүхэн үйл явдал. Борис Немцовын хамтран тэмцэгч Владимир Кара-Мурза, Илья Яшин, мөн Алсу, Саша, Лилия, Ксения, Еван, Пол, Кевин, Рико, Демури, Вадим, Патрик, Герман, Олег, Андрей…гээд олон хүн суллагдав. Америк, Европ…олон улс руу энэ хүмүүс хөлгийн жолоо залж байна. Сэтгүүлчид, улстөрч, олон нийтийн зүтгэлтэн хэн нь ч бай хулгайч дарангуйлагчдын бузрыг долоож, худалдагдахгүй бол та бүхнийг ийм хувь заяа тосож байгаа.
Шоронд орсон ч, шороонд дарагдсан ч, бүгд чамайг зүхэж байвч битгий бууж өгөөрэй. Эрх чөлөө, ардчилал, иргэд олныхоо талд үргэлж зогсоорой. Чи ганцаараа биш шүү. Өнөөдөр эрх булаагчид дураараа дургих боловч, маргааш эрх чөлөөний элчүүд ялах л болно” гэж “жиргэжээ”.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексийг Хил хязгааргүй сурвалжлагчид(RSF) байгууллагаас танилцуулахад Монгол Улс 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдсэн.
Ийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухралт хийхэд олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө мэдээ, сурвалжлага нийтлэн хүргэж байгаа сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар далайлган сүрдүүлэх, саатуулан баривчлах зэргээр дарамт шахалт үзүүлэх болсон нь нөлөөлсөн гэж үзэж буй.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон.
Давж заалдахаа өмгөөлөгч нь мэдэгдсэн.
Тэгвэл хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх, ардчилал шударга ёсны элч болж, дэлхий дахинаа хүндлэгдэх болсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар байр сууриа ийн илэрхийлжээ.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр “Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт сайн цаг оршино гэж би итгэдэг. Сануулж хэлэх хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэсэн үг байдаг.
Чөлөөт нийгмийн эрүүл мэндийн манаач нь, эмчлэгчид нь хэвлэлийнхэн” гэдэг байр суурийг ч өмнө нь илэрхийлж явсан юм.