Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдыг цаг агаарын мэдээ мэдээллийг үзэж, судалж холын замд зорчихыг зөвлөж байна. Энэ сарын цаг агаарын нийт нутгийн төлөв байдал ямар байгааг тодруулахаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б.Нямцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Энэ сарын цаг агаарын нийт нутгийн төлөв байдлыг танилцуулна уу?
-Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулъя.
Долоодугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орох төлөвтэй байгаа учраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг гаргасан.
Мөн цаашдаа малчид иргэд болон тээвэрчид, аялагч нартаа анхааруулж хэлэхэд энэ сарын 24-26-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст ялангуяа Хэнтийн уулархаг нутгаар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймд малчид, иргэдийг үер ус, борооны өмнөх хүчтэй салхи, аянга цахилгаан, мөндөр зэрэг аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сарын сүүлээр нийт нутгаар борооших төлөвтэй байна
-Өнөөдөр нийт нутгаар цаг агаарын төлөв ямар байх вэ?
-Өнөөдөр өдөртөө төвийн зүүн болон өмнөд хэсгээр, говийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар борооших төлөвтэй байгааг дуулгая.
Цаашдаа энэ сарын 25-ны өдөр нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгийн ихэнх нутгаар бороотой. Харин 27-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар , нутгийн зүүн хэсгээр борооших төлөвтэй.
Салхины хувьд ихэнх нутгаар 6-11метр секунд, борооны өмнө хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. Агаарын темпратурын хувьд хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх Хүрэн бэлчир гээд хүйтэн байдаг газруудаар шөнөдөө 5-10, өдөртөө 19-24 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-23 градус орчим, өдөртөө халаад 30-35 градус байна.
Иргэд, аялагчдыг холын замд гарахдаа бороо, мөндөр,
хүчтэй салхинаас сэрэмжтэй байхыг анхааруулав
-Өмнөх жилийн дундажтай энэ жилийн хур тунадасны байдлыг харьцуулвал ямар байна вэ?
-Өнгөрсөн жилтэй энэ жилийн долоодугаар сарын эхний 10 хоногийн харьцуулахад өмнөх жил ахиу хур тунадас орсон байна. Энэ жилийн долоодугаар сарын эхний 20 хоногийг олон жилийн дундажтай харьцуулахад ерөнхийдөө баруун аймгийн нутгийн зүүн хойд хэсэг буюу Хэнтий, Сэлэнгэ, Дорнод аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хур тунадас багатай байна. Харин төвийн аймгуудын нутаг Хөвсгөл, Булган, Архангай мөн говийн аймгууд олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон мэдээтэй байна.
Ирэх наймдугаар сарын цаг агаарын төлөв байдал энэ сарын 25-ны өдөр шинэчлэгдэж гарна
-Ирэх сарын цаг агаарын төлөв байдлын мэдээлэл гарсан уу?
-Наймдугаар сарын төлөв байдал хараахан гараагүй. Ер нь сарын төлөв байдал өмнөх сарынхаа 25-ны өдөр шинэчлэгдээд Цаг уур, орчны шинжилгээний газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлдэг.
-Улаанбаатар хотод ойрын өдрүүдийн цаг агаар ямар байх вэ?
-Нийслэл хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд бороотой, шөнөдөө +12-15 градус дулаан, өдөртөө +18-аас +23 градус дулаан, өдөртөө бага зэрэг хална.
Холын замд гарах, аялал зугаалгаар явахаар төлөвлөж буй иргэд машин техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар хангаж, мөн үе ус, борооны өмнөх салхи, мөндөр зэрэг байгалийн аюултай үзэгдлээс сэрэмж болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Ярилцсанд баярлалаа.