“Парис-2024” зуны олимпын ХХХIII наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Зуны олимпын наадамд өрсөлдөх байт харвааны олон улсын хэмжээний мастер, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд дасгалжуулагч Ю.Ганзоригийн хамтаар олимпын тосгонд очлоо. Б.Отгонболд энэ сарын 25-нд урьдчилсан харваанд цэц сорино.Тэрээр Монголын баг тамирчдын олимпын өрсөлдөөний салхийг хагалах юм.
Зуны олимпын наадам хөшгөө нээхэд гурван өдөр үлдлээ
“Парис 2024” наадмын нээлтийн өмнөх өдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр байт харвааны тэмцээн эхэлнэ.
Байт харвааны тэмцээн энэ сарын 25-ны өдөр урьдчилсан чансаа тогтоох буюу 64 харваачийн чансаа тогтоох харваа явагдаж, 7 дугаар сарын 29-нд хасагдах шатанд өрсөлдөнө. Ингэснээр байт харвааны өрсөлдөөн наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.Отгонболд 2023 онд “Ханжоу-2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга болж, “Парис 2024” олимпийн наадамд оролцох эрх авсан.
Тэрээр Азийн наадамд одтой наадаж, олимпын медальт Японы Такахару Фүрүкава, Тайваний Тан Чи Чун, эзэн орны харваач Жи Шиан Шоу-г нарыг дараалан ялж, дэлхийн хэмжээний шилдэг харваач болсноо тунхаглан, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны харваач болсон юм.
Байт харвааны Дэлхийн аварга цолыг МУГТ Д.Дэмбэрэл авч байв
Монгол тамирчдаас Дэлхийн аварга цолыг хамгийн анх байт харваагаар Монгол Улсын гавьяат тамирчин Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй ДАШТ-ээс 49 жилийн тэртээ хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байсан билээ.
Зуны олимпын наадамд Монголын байт харваачдын өрсөлдөж байсан түүхийг сөхвөл эмэгтэй харваачдаас ОУХМ Б.Урантунгалаг “Лондон-2012”, “Токио-2020” зуны олимпын наадмуудад өрсөлдөж байв.
Харин эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс “Лондон-2012”, “Рио-2016” зуны олимпт эрхээ аван оролцож байсан юм.