Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул Солонгос эмч нарын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татсан.
Тодруулбал, тус суманд сайн дурын ажил хийхээр ирсэн Солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфеткаар арчиж, мөн шүлс сорогчийг солилгүй, арчиж дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ. Энэ тухай эмнэлгийн удирдлагуудад хэлэхэд “Чи бидний ажилд саад учруулж, харилцаанд сэв суулгасан” гэж загнасан тухай ч бичсэн байсан юм. Тиймээс тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргажээ.
Тэгвэл ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргалтай цөөн хором ярилцаж, энэ талаар тодрууллаа.
-Сайн байна уу? Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвд үүсээд буй асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сайн байна уу. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд Христийн агапе гэдэг эмнэлгийн Монгол, Солонгосын хамтарсан 37 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Сумын эрүүл мэндийн төвийн байрыг түшиглэн сумын иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийжээ. Монгол улсад гадаадын эм, мэргэжилтнүүд үйл ажиллагаа явуулахдаа эрүүл мэндийн тухай болон зөвшөөрлийн тухай хуулийн дагуу батлагдсан Эрүүл мэндийн сайдын 2023 оны А295 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох журмын дагуу заавал зөвшөөрөл авдаг. Урьдчилсан байдлаар эдгээр эмч нар энэ журмын дагуу зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хянан шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсныг эцэслэн бүрэн тогтоосны дагуу тус эрүүл мэндийн байгууллага болон хууль зөрчиж зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана.
Эмч нарын багийг ажиллаж байх явцад шүдний тасгийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм алдагдсан явдал гарсан байна. Энэ дээр мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Хэрвээ халдвар хяналтын дэглэм зөрчигдсөн бол иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн нь тогтоогдвол бид холбогдох журмынхаа дагуу шат дараатай арга хэмжээнүүдийг авна.
-Энэ өдрүүдэд орон нутгийн олон сумдын түүхт ойн баяр наадам тохиож байна. Зарим иргэдээс эрүүл мэндийн салбарын ажил цалгардаад байгаа тухай мэдээлэл ирж байна?
-Баяр наадам болон олон сумдын ой тохиож байгаатай холбогдуулан үйл ажиллагаанд нь доголдол үүсч, ажил цалгардах явдал гарч байна. Ийм учраас Эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Энэ асуудал дээр ЭМЯ-наас үүрэг чиглэл явуулж анхаарал хандуулан ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.