“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгааны хаалтын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сонгууль шударга явагдсангүй ээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө “Үндэсний Эвсэл”-ийг тэргүүлж буй намайг, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж буй Д.Ганболд, П.Баярхүүг, жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулан нарыг хууль зөрчин хасах шийдвэр гаргасан. Миний бие сонгуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-нд эхэлсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс даруй тав хоногийн дараа нэр дэвших эрхээ сэргээсэн гэсэн үг.
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Д.Ганболд, П.Баярхүү нар долоохон хоногийн өмнө нэр дэвших эрхээ сэргээлээ. “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулан дөнгөж өчигдөрхөн нэр дэвших эрхээ гардлаа.
Сонгууль шударга явагдсангүй. Эрх баригч Ардын намын дарга нар маш их худлаа ярьж байна. Авлигатай системтэйгээр тэмцэж чадлаа гэж иргэдээ хуурч байна. Авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намын дарга нартай тэмцэнэ гэсэн үг. Тэд өөрөө өөрсөдтэйгөө тэмцээгүй. Иргэдийн тархийг угаах л ажил хийсэн. Хэнд нь шударга ёс үйлчлэв. Шил дараалсан өчнөөн хулгайн асуудлууд гарч ирлээ. Хэн ч ял шийтгэл аваагүй.
Өнөөдөр МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ хулгайчдаа хаацайлсан. Тэднийг хамгаалсан. Тэднийг хамгаалахын тулд хууль хүчний байгууллагыг ажиллуулсан. Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэдний хамсаатан. Хулгайчийг хамгаалж байгаа бол өөрөө хулгайч. Авлигатай ингэж системтэй тэмцдэггүй юм.
Хэвлэлээр хэн нэгнийг нь харлуулж, нийгэмд муухай харагдуулж, үзэн ядуулах нь авлигатай тэмцэх аргачлал огт биш. Авлигатай системээр тэмцэнэ гэдэг бол төрийн албаны ил далд томилгоог таслан зогсоох юм. Төрийн алба намчдаар дүүрсэн. Төрийн өмчийн үйлдвэр намчдын харьяанд байдаг байдлыг таслан зогсоох ёстой. Төрийн өмчийн байгууллага тэр чигтэй хулгай болсон. Сонгуулийнхаа зардлыг ч түүнээс босгодог. Ийм байгаа цагт ганц нэг хүнээр туг тахиж иргэдээ хууран мэхэлснийгээ авлигатай тэмцэж байна гэдэггүй юм. Шударга ёс гэж эрхэм үг сонгуулийн шоуны үеэр хэрэглэгддэг болсон. Үгийнх нь утга мөн чанар ч алдагдсан. Тэр үүднээс бид Монгол Улсын нэрийн өмнөөс төрөө хулгайчдаас зайлшгүй цэвэрлэж, шийтгэх ёстой гэж үзэж байгаа юм.
Ингэж байж л бид хөгжлийн асуудлыг бодитоор ярина. “Үндэсний Эвсэл” улс төрийнхөө үзэл баримтлалдаа төр нийгмийн түүхэн зүтгэлтэн Солийн Данзангийн үндэсний ардчилсан үзэл баримтлал буюу “Иргэн баян бол улс баян” суурь зарчмыг удирдлага болгосон. Уг суурь зарчмаа удирдлага болгож “Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Уг мөрийн хөтөлбөрөө мэргэжлийн эрдэмтэн судлаачдын дэмжлэгтэйгээр мөн иргэд, сонгогчидтойгоо уулзаж тэдний ажил, амьдрал дахь олон асуудлыг сонсож, тэдний зүгээс гарсан санал, санаачилгуудыг тэмдэглэн авч, өгсөн үүрэг даалгаврыг нь удирдлага болгож боловсруулсан.
Монголчууд бид үндэстнийхээ суурь онцлог, өв соёл, бахархлыг сэргээж, эвийг хичээн Монголын төлөө хүчээ нэгтгэх цаг нь болсон. Тийм ч учраас бид үндэстний хэмээх тодотголыг өлгийдөж авсан. Монголчууд бидэнд ардчилал хэрэгтэй байна. Хүний эрх бодитоор хангагддаг баймаар байна. Хийж бүтээе гэсэн хүмүүс нь эрх чөлөөгөө эдлэх хэрэгтэй байна. Тэр үүднээсээ бид үндэсний ардчилсан улс төрийн үзэл баримтлалыг улс төрийнхөө үзэл баримтлал болгосон юм. Үүнийг ч иргэд, сонгогчид дэмжиж байна. Яах аргагүй Монгол Улс энэ хямралт байдлаас гарах цаг нь болсон. Өнөөдрийн хийж бүтээе гэж байгаа хувийн хэвшлийнхэнд төрийн толгойд гарсан Ардын намын эрх баригч, сайд дарга нар асар их гай, саад боллоо. Тэднийг маш их дээрэлхэж, дарамталж өөрсдийнхөө санхүүгийн боолчлолын системд оруулсан. Энэ ч үүднээс бид хөгжихөд саад болж байгаа хуулиудыг иргэдийн зүгээс гарч байгаа санал санаачилгыг баримталж урж хаяж, “шатаая” гэж байгаа.
Татвар бол дээрэмддэг тогтолцоо болсон. Бид татвар төлж улсынхаа төсвийг бүрдүүлдэг ч эргээд бидэнд хөгжил болж орж ирдэггүй. Ажилгүйдэл, ядуурал буурдаггүй, цалин, тэтгэвэр тэтгэмж нь амьдралд хүрдэггүй. Төгрөгийн ханш суларсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэсэн хэдий ч иргэд бид татвараа, торгуулаа, элдэв шимтгэлүүдээ төлсөөр л байдаг. Энэ нь бүхэлдээ улсын төсөвт ордог. Харамсалтай нь улсын төсвийн 80 орчим хувь нь эргээд төрийн толгойд заларсан хулгайчдыг тэжээхэд л зарцуулагддаг. Энэ нь хангалтгүй байдаг учраас татвар, зөрчлийн хууль зэргээр иргэдээ шулан мөлжиж хулгай хийдэг.
Нийгмийн даатгалын сан нохойн замаар орсон. Олон зуун тэрбум төгрөг хулгайд алдагдсан. Бид энэ хулгай, тэдний гүйцэтгэж барагдашгүй их шуналын золиос л болж байгаа. Бидний ажил амьдралыг зохицуулдаг 880 орчим хууль, түүнийг дагалдах 6000 орчим журам байна. Болдог бол энэ хуулиудыг бүгдийг нь “шатаагаад” шинээр эхэлье гэж байгаа юм. Энэ олон хуулиудын шинэчлэхийг нь шинэчилж, “шатаахыг нь шатаах”-ыг иргэд, сонгогчид та бүхэн дэмжинэ гэж итгэж байна.
Бид өөрчлөлт, шинэчлэлтийг авчрахын тулд эрх зүйн болон эдийн засгийн маш олон шат дараалсан арга хэмжээг авах шаардлагатай. Энэ үүднээсээ бид боловсон хүчний хувьд “Нэг улс төрч мянган мэргэжилтэн” суурь зарчмыг удирдлага болгож байгаа. Нэг улс төрч нь Н.Номтойбаяр миний бие. Улс төрд их цэвэрлэгээ хэрэгтэй байна. Энэ их цэвэрлэгээг Н.Номтойбаяр миний бие хийж чадна. Чадсаар ч ирсэн. Ялах үедээ ялж байсан юм. Ялагдах үе ч мөн байсан.
Түүнчлэн нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудал байна. Энэ бүгдийг чаддаг чаддагаараа атгаж аваад гарах зам, гарцыг нь тодорхойлоод ажиллах мянган мэргэжилтний төлөөлөл бүхий нэр дэвшигчид маань өнөөдөр УИХ-ын сонгуулийн тойргуудад нэр дэвшиж байгаа. Тэдэнд хуримтлуулсан мэдлэг туршлагаа улс эх орныхоо төлөө зориулах боломжийг олгооч гэж хүсэж байна.
“Үндэсний Эвсэл” үүсгэн байгуулагдаад гурав дахь сардаа үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч 103 жилийн настай Ардын намтай өрсөлдөхүйц хэмжээнд ирлээ. Харамсалтай нь МАН шударгаар өрсөлдөж чадсангүй. Захиалгат хэвлэл мэдээлэлтэй хамтарч биднийг гүтгэн, хууль хүчний байгууллагыг турхирч төв штабын маань үйл ажиллагааг зогсоосон. Улс төрийн хувьд эр зориггүй, үргэлж хэвлэлийн ард нуугддаг, иргэдээ хууран мэхэлдэг ийм л арчаагүй байна.
Халз мэтгэлцье гэж удаа дараа хэллээ, уриаллаа. Уулзалт болох гэж байгаа газар нь ч очлоо. Зугтаагаад алга болчихдог. Өнөөдрийг хүртэл МҮОНРТВ мэтгэлцээн зохион байгуулъя гэж зарласан ч үгүй. Олон нийтийн өмчит үндэсний телевиз маань Ардын намын дэргэдэх телевиз болчихжээ. Ийм байхад ямар шударга өрсөлдөөн явагдах юм бэ. Үнэхээр шударга өрсөлдье, нүүр нүүрээ харж халз тулж байгаад хэн нь энэ улс орны төлөө бодлого дэвшүүлж түүнийгээ хэрхэн яаж бодитой хэрэгжүүлэх гээд байгаа юм ярилцъя гэсэн. Иргэд үүнийг л хүсэж байгаа. Сонгуулиа ч шударга хийж чадахгүй байж шударга ёсыг тогтоох, хулгайчдыг төрөөсөө цэвэрлэх ямар ч боломжгүй.
Үүнийг 103 жилийн настай МАН үлгэрлэн хийх ёстой байсан ч харамсалтай нь зугтаасаар байгаад сонгууль дуусгалаа. Энэ байдалтай ч жирийн ард иргэдийн бодол санаа нийлэхгүй байна. Хаа явсан газар нь тэр Н.Номтойбаярын зарлаад байгаа халз мэтгэлцээнд нь очооч ээ, үнэхээр МАН-ын дарга юм бол очиж халз мэтгэлц, бид МАН-ынх хэдий ч энэ хууль зөрчсөн шударга ёсыг уландаа гишгэсэн иргэдийнхээ тархи толгойгоор тоглодог, хуурдаг энэ байдалтай чинь эвлэршгүй нь ээ гэж жирийн гишүүд нь хүсэж байна. МАН-ын гишүүд ч гэсэн жирийн иргэд. Тэдний амьдрал ч гэсэн хүнд байгаа. Энэ ажилгүйдэл, хямрал, сэтгэл гутрал, бухимдал тэдэнд ч тулгамдаж байгаа.
Энэ удаагийн сонгуулиар улс төрийн намын харьяалал үл харгалзаад зөв бодлого дэвшүүлж, өөрсдийнх нь төлөө зүтгэе гэж байгаа “Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчдийг дэмжээсэй гэж хүсэж байна.
Монголд ардчилал, хүний эрх, үг хэлэх эрх дарангуйллын тогтолцооноос болж маш ихээр боогдож байна. Өнөөдөр бид 1990 оны өмнөх тогтолцоо руу маш хурдацтайгаар гулсаж байна. Монголд ардчилал, хүний эрх дээдлэгддэг, хийж бүтээе гэснийг нь төр дэмждэг байх хэрэгтэй гэж үзэж байгаа ардчилсан үзэл санаатнууд ч “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж байгаа. Тэр бүгддээ ч талархаж байна.
Өнөөдөр “Үндэсний Эвсэл” гуравхан сарын настай ч гэсэн үндэсний хэмжээнд улс төрийн бодлого үйл ажиллагаа явуулах эрийн цээнд хүрчээ. Бид үндэсний хэмжээнд улс төрийн хүчтэй байгууллага болтлоо хөгжжээ. Бид тэмцэж чаддаггүйн өмнөөс бид тэмцье, дуугарч чадахгүй иргэдийнхээ өмнөөс дуугаръя. Үнэхээр төрийн бодлогыг хүний хөгжил рүү чиглүүлдэг болгоё. Энэ бүгдийг дэмжиж байгаа мянга мянгаар тоологдох монголчууд байна. Үнэхээр иргэд сэтгэлийн мухартаа өөрчлөлт шинэчлэлтийг хүсэж байсан юм байна. Энэ нь бидэнд маш их хүч болж байна. Урамтай сайхан байна. Одоо гагцхүү бүгдээрээ зургаадугаар сарын 28-нд хэнээс ч үл хамааран өөрсдийнхөө төлөө, өөрсдийн тань төлөө ажиллая, зүтгэе гэж байгаа “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж саналаа өгөхийг хүсэж байна.
Төрийн зүгээс хувийн хэвшилд учруулдаг дарамтыг амсаж, үүд хаалгаа барьж дампуурсан хувийн хэвшлийнхэн хувийн хэвшлийг дэмжиж ажиллах бодлогыг маш их дэмжиж байна. Хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Төгрөгийн үнэгүйдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдсэн, цалингийн, малчны, тэтгэврийн зээлтэй, өр ширэнд орсон, санхүүгийн хямралд үнэхээр автсан иргэд, сонгогчид “Үндэсний Эвсэл”-ийг дэмжиж байна. Баярлалаа та бүхэндээ.
Эцэст нь өнгөрсөн 34 жилд Монгол Улс хөлд ороогүй хүүхэд шиг унаж, тусаж ирлээ. Өнөөдрийг хүртэл хөгжлийн жанжин шугам маань татагдаагүй байна. Энэ өөрчлөлт шинэчлэлтийг бид үндэсний ардчилсан үзэл баримтлал дээр тулгуурлаж хэрэгжүүлнэ. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж, монголчууд бид үндэстнээрээ баяжих цаг нь болсон.