Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль олныг төлөөлөх, хувь тэнцүүлэн сонгох холимог тогтолцоогоор явагдана.
Олныг төлөөлөх буюу мажоритар тогтолцоо нь 13 тойргоос 78 гишүүнийг сонгоно. Хувь тэнцүүлсэн буюу пропорционал тогтолцоо нь намын жагсаалтаас 48 гишүүн сонгох юм. Иргэд, сонгогчид та бүхэн сонгуульд оролцохдоо зайлшгүй мэдэх шаардлагатай алхмуудыг гүйцэтгэх нь чухал.
Иргэд, сонгогчид дараах алхмыг хийж гүйцэтгэх нь чухал
- Сонгуулийн тогтолцоо, сонгуулийн тойрог болон мандатын тоог судалж мэдэх
- Сонгуульд оролцож буй нам, эвслийн сурталчилгааны материал, тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар, зурагт самбар, мөрийн хөтөлбөртэй танилцах
- Сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх талаар болон бусад шаардлагатай мэдээллийг m-election.mn цахим хуудсанд хандан уншиж судлах
- Санал авах байрны байршлыг судалж мэдэх
Хяналтын тооллого
Санал авах ажиллагаа дууссаны дараа сонгуулийн бүх хэсэгт (2198) санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар нэг бүрчлэн тоолох ажээ.
Санал авах ажиллагаа
Санал авах ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл явагдана.
Иргэдээс сонгогчийн боловсролын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Миний хувьд анхны сонгуулиа өгөх хариуцлагатай цаг үе. Хамгийн эхлээд намыг нь харна. Дараа нь хувь хүнийхээ үзэл бодлыг харна. Тэгээд цаашаа өөрөө судлаад, маш хариуцлагатайгаар саналаа өгнө гэж бодож байна. Манай үеийн хүүхдүүд бүгд л ЭЕШ өгөхгүйгээр шууд гадаад яваад тэндээ амьдрах ийм л зорилготой болчихсон. Манай улс хөгжихгүй, одоо бүх зүйл оройтсон гэсэн үзлээр хардаг гэж боддог. Тийм болохоор ингэхгүйн тулд энэ удаагийн сонгуулиа маш идэвхтэй өгөх ёстой.
-Нам бол зүгээр үг. Би бол хүнээ л харна. Ямар боловсролтойг нь харна. Хэрвээ санаагаар болвол нэр дэвшигч нарын гурван үеийн намтар түүхийг нь хармаар байна. Хятадын эрлийзүүд манай улс эх оронд дүүрлээ шүү дээ. Би үүний эсрэг байна. Төрийн ордноор дүүрэн хулгайч нар байж л байна. Бүгд л худалдаж авсан үнэмлэхтэй л байгаа байлгүй дээ. Аль том том их сургуулиудын нэрийг бариад, хаана байдгийг нь овоо мэддэг болчихсон юм шиг байна. Англи хэлээр ч төгс ярьж чаддаггүй л байдаг шүү дээ.
-Мэдэхгүй, олон гишүүнтэй болохоор улам л хэцүү болно байх даа гэж бодож сууна. Өмнө нь УИХ-ын 70 гаруй нь хүн нь ажиллахгүй байтал 100 гарчихвал бүр хэцүү болно байх. Одоо тэгээд нэг л итгэл төрөхгүй болж дээ.
-Шинэ, соргог, содон сонголт хийж, шинэ улсуудаа, шинэ намуудаа гаргаж ирэхгүй бол энэ улс эх орон чинь болохоо байлаа гэдгийг нийт Монголчууддаа уриалж хэлмээр байна. Би Баянхонгор аймгийн малчин хүн байгаа. Энэ жилийн сонгуульд бол хүнийг нь л харна шүү дээ.
-Хийж бүтээж байгааг нь харахаар хөгжөөд байгаа юм шиг. Яг нийгэм талаас нь харахаар орчин тойрон, хүмүүсийн харилцаа хандлага хэвэндээ байдгаараа л байна. Миний үеийн залуустаа хандаж хэлэхэд улс төр, сонгууль гээд өөрсдөө хойшоо суух хэрэггүй. Зөв хүнээ сонго. Амаар муулаад яриад байх биш үйлдэл хий. Мөрийн хөтөлбөртэй нь уншиж танилц, нийгэмдээ идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна.
-УИХ-ын олон гишүүнтэй болохоор улс эх орон хөгжих байх, ард түмний амьдрал дээшлэх байх гэж найдаж байна. Ингэснээр хоорондоо өрсөлдөөнтэй байх болов уу. Олон гишүүн харин ч хоорондоо өрсөлдөөн өрнүүлж, чанартай ажиллах байх. Иргэд сонгогчийн боловсролоо сайн дээшлүүлж байж сонгуулиа өгөх болов уу.
Монгол улсын иргэд өөрсдийн сонгож илгээсэн төлөөллөөрөө дамжуулан улс орныг удирдах үйл хэрэгт оролцдог. Улс орны нийгэм, эдийн засгийн томоохон бодлого, шийдвэрийг тодорхойлон, хууль тогтоох байгууллагад ажиллах өөрийн төлөөлөл болсон нэр дэвшигчдээ сонгож саналаа өгөөрэй. Сонгуульдаа идэвхитэй оролцох хэрэгтэйг дахин сануулая.