OG: Жинхэнэ REAL хүмүүсийн дэмжих хүн бол Н.Амаржин
Реппер OG буюу Н.Эрхэмбаяр “Сонго уйл” нэртэй дуугаараа Ардчилсан намаас нэр дэвшиж буй Н.Амаржинг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Залуу үеэ та нар тэнэг гэж басах хэрэггүй. Төсвийн мөнгөөр эхнэрийнхээ эдийн шуналыг хангах хэрэггүй. Даварч болно гэхдээ урваж болохгүй. Хамгийн инээдтэй нь тэр хүнээ бид өөрсдөө сонгосон. Сонгуулийн зардал гэж тэрбум тэрбумаар нь үрнэ. Тэр мөнгө нь уул нь нэлээд хэдэн эмнэлэг барихад хүрнэ. Хэлэх үг хийх үйлдэл хоёр нь дандаа худал үнэн. Эрх мэдэлд хэт их яарч байж ах нар бүдэрч унав. Нэгнээ харлуулж худлаа гүтгэж үзэн ядаж доромжилно. Аав хүү эхнэр нөхөр хамаатнууд улс төрийг самарч байна. Жинхэнэ REAL хүмүүсийн дэмжих хүн бол Н.Амаржин. Энэ сонгууль сүүлчийн боломж залуус сэрэх хэрэгтэй” хэмээн залуу үеийнхнээ зөв сонголт хийхийг уриаллаа.
Ардчилсан намын зүгээс сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлсон. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьсон гэдгээ мэдэгдэж байв.
Нэр дэвшигч Н.Амаржингийн хувьд “Нийгмийнхээ асуудлын төлөө үг хэлэх эрхгүй байна гэдэг асар том аюул, гуниглал, эмгэнэл. Энэ эмгэнэлд амьдрахгүйн төлөө, яг одоо аажим аажмаар алдагдаж буй ардчиллаа аврахын төлөө дахин дахин сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалмаар байна. Залуучууд хүссэн нийгмээ бүтээхийн тулд өөрсдөө оролцох хэрэгтэй боллоо. Бизнесүүдийг дарамталж, хөрөнгө хурааж коммунизм руу ухарч байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол ухрах аюул нүүрлээд байна” гэдгийг хэлж байсан юм.