2024 оны УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудад МАН-аас нэр дэвшиж буй З.Мэндсайханы талаарх сэтгүүлчдийн бодлыг сонслоо.
З.Мэндсайхан нь Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манлай уяач цолтой. Сангийн яамны газрын дарга, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан өдгөө Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн алба эрхэлж байна.
Өрөг.мн сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч У.Болортуяа
З.Мэндсайхан гэдэг хүнийг Төрийн өмчийн хорооны дарга байхаас нь буюу таван жилийн өмнөөс зүс мэднэ. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын талаар “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” нэртэй нэвтрүүлэг бэлдэх үеэрээ З.Мэндсайханыг Төрийн өмчийн хорооны дарга байхад нь өрөөнд орж, ярилцлага авах хүсэлт тавьж байсан юм. Барагтай дарга нар иймэрхүү нөхцөл байдлаас зугтдаг, эсвэл доод албан тушаалтнаа өмнөөсөө яриулдаг. Гэтэл надад байгаа баримтуудыг үзээд, мэдээлэл өгөөд гаргасан. Чи биднийг мууллаа ч гээгүй. Битгий муулаарай ч гээгүй. Ажил хэрэгч хандаад, хэвлэл, олон нийттэй харилцах чадвартай байсан нь түүнийг үнэлэхэд хүргэж байв.
Мөн миний бие, манай редакц Монгол улсын Ерөнхийлөгч асан Сү.Батболдын талаар гурван жилийн турш таван цуврал нэвтрүүлэг хийсэн. Үүний мөрөөр эрэн сурвалжилж нэвтрүүлэг хийж байхад З.Мэндсайхан Төрийн өмчийн хорооны даргын хувиар “Сү.Батболд төрийн өмчийг шамшигдуулсан байвал шалгах ёстой” гэсэн утгатай албан бичгийг Нийслэлийн прокурорт өгсөн. Улмаар энэ бичиг нь Сү.Батболдын хөрөнгийг хоёр арал, гурван улсын шүүх царцаах хүртэл нөлөөлж байлаа. Бүр том дарга нар нь намынхаа нөлөө бүхий Сү.Батболд гэдэг хүний өөдөөс дуугарч чадахгүй, эс үйлдэл хийж байхад З.Мэндсайхан нэлээн эрсдэл үүрч, зориг гаргаж, “ах” нарынхаа өөдөөс албан бичгээрээ үгүй гэж дээ хэмээн бодож байлаа.
ТВ9 Телевизийн сэтгүүлч, Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг
З.Мэндсайхан ах бид хоёр нэг нутаг. Тиймээс ойр дотно явсан. Хувь хүнийх нь талаас л санал бодлоо хэлье ээ. Мэндээ ах маань төрийн албанд олон жил ажиллаж, төрийн албанд мэргэшсэн. Түмэн олонд ч нэлээн танигдсан. Жишээ нь ноднингийн наадмын шарга үрээний уяач гэдгээр нь хөдөөгийнхөн андахгүй. Төрийн наадмын түрүүгээ Дундговийн Улаанхүүд шилжүүлж байсан нь Монголын ард түмэнд эв нэгдэл, эрийн гурван наадмаа хүндэлж үзэх тэр агуулгыг ойлгуулсан гэж боддог.
Мэндээ ах маань хэд хэдэн авууштай чанартай. Аливаа юманд барьц алддаггүй, худлаа ярьдаггүй, хүний итгэл даадаг. Баруун хязгаарынхаа уулс шиг тогтвортой, байж л байдаг тийм хүн. Мэндээ ахад итгэчихсэн байхад, итгэлийг алддаггүй. Дээр нь нэмээд ясны хөдөлмөрч хүн. Амьдралынх нь түүхийг эргээгээд бодвол нэг өдөр ч тайван амраагүй гэмээр хөдөлмөрч хүн шүү дээ. Ажил, амьдрал, амжилт энэ бүхнийг яаж амжуулдаг юм гэмээр зохицуулдаг. Эрч хүчтэй. Хүний хувьд их дотортой. Зовлон, жаргалын мэдрэмж өндөртэй. Хүнд би хэзээ хэрэгтэй байна, надад хэн хэзээ хэрэгтэй байна тэрийгээ мэдэрдэг, сэтгэлгээний ньюнс өндөртэй. Бидний үеийн залуучуудад бол үгээрээ олон зүйл хэлээд байдаггүй. Үйлдлээрээ байнгын үлгэрлэж харуулдаг. Гаргалгаа сайтай хүн.
Хүмүүст хэлмээр байгаа дараагийн сайхан чанар нь бол материаллаг сэтгэлгээ багатай. Эд мөнгөний, хэлбэрийн шуналгүй. Мөнгө хөөдөг амьдралаас эрт дээр гарчихсан. Мөнгөнөөс болж, хүний нөлөөнд орно гэж бол байхгүй болчихсон хүн. За бол ёогүй. Гэхдээ хүнд чадах бол чадахыгаа чадахгүй бол чадахгүйгээ шулуухан хэлчихдэг эр. Дөрвөн сайхан хүүхдийн аав. Халамжит хань. Сайн хүү.
Сэтгүүлч, олон нийтийн ажил хийдэг нийгмийн мэдрэмж суучихсан хүний хувьд хэлэхэд ийм хүн тун ховор байдаг. Төрд бол байх ёстой хүн. Учир нь бэлчээрийн мал ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбараа бодлогын түвшинд инновацлаг шийдэж, энэ салбарыг хөл дээр нь босгож, дараагийн шатанд нь гаргаж чадна гэж боддог.
SBN телевизийн мэдээний албаны дарга, улс төрийн сэтгүүлч Д.Мягмартогтох
Би өөрөө хөдөө өсөж төрсөн. Хөдөөгийн амьдрал, хөдөөгийн хөгжилтэй холбоотой асуудалд санаа зовж, сурвалжилга мэдээ их бэлтгэдэг хүн. Ерөнхийлөгчийн зөвлөх З.Мэндсайханы батлуулсан “Цагаан алт” хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр явуулж байгаа “Шинэ хоршоо” хөдөлгөөний нэг багана бол энэ “Цагаан алт” хөтөлбөр юм. Хэрвээ малын ашиг шим болох малын түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрүүдийг хөдөө орон нутагт байгуулж чадахгүй бол, малчид малтай байгаад ямар ч үр дүнгүй. Нөгөө л арьс шир нь жалгандаа хаягддаг, нөгөө үс ноос нь хогондоо үлддэг хэвээр хоцорно. З.Мэндсайхан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа хаана хаана хөнгөн үйлдвэрүүдийг бий болгох уу, хаана хаана малын гаралтын түүхий эдийг боловсруулж болох вэ гэдэг бодлогын шийдлийг тодорхойлоод “Цагаан алт” хөтөлбөрийг санаачлаад боловсруулж, батлуулсан. Энэ бодит үр дүн, бодит ажил болно гэж харж байгаа. Тийм учраас хөдөөгийн хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогод хамгийн тохирсон нэр дэвшигч бол З.Мэндсайхан.
Яагаад гэвэл “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт хөнгөн үйлдвэрүүдийг дагаад ажлын байр нэмэгдэнэ. Дагаад малчдын малын түүхий эд үнэд хүрч, малчдын орлого өснө.
Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж чадвал ОХУ-ын эрчим хүчний хараат байдлаас монголчууд бид гарч чадна. З.Мэндсайхан Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа энэ ажлыг эхлүүлсэн. Бодлого тодорхойлж чадах хүнээ Баруун бүсийнхэн дэмжээрэй.
ТВ5 телевизийн сэтгүүлч, тоймч Ч.Доржбат
З.Мэндсайхан гэдэг хүнийг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болсон цагаас нь мэддэг болсон. Анх энэ хүнтэй муудалцаж танилцаж байлаа. /инээв/ Би хөдөөгийн аж амьдрал, мал аж ахуй, малчдыг зөв ойлгуулах талаар мэдээ сурвалжилга их бэлтгэдэг сэтгүүлч. Малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, энэ бодлогыг цаашид зөвөөр аваад явчих хүн гэж боддог учраас дэмждэг. “Цагаан алт” гээд маш чухал хөтөлбөрийг санаачилсан. УИХ-д сонгогдвол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулчих, хөдөө аж ахуйг бизнес болгочих хүн гэж итгэж байна. Мал, малчдынхаа төлөө ажиллах сэтгэлтэй залуу боловсон хүчин төрийн бодлого тодорхойлох газарт хэрэгтэй.