Спорт бол хобби огтхон ч биш, спорт бол хүмүүжүүлэгч!!!
Спортоор хичээллэсэн хүн, спорттой ойр хүн аливаад шантарч байхыг, аливаад муйхарлаж байхыг, аливаад сөхөрч байхыг би хараагүй. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч зөвхөн өөрөө байдаг. Яг л энэ зарчим амьдрал дээр ч үйлчилнэ. Хэн ч чиний өрсөлдөгч биш, зөвхөн чи өөрөө өөртөө л өрсөлдөгч.
Хэн нэгний өмнө ялагдаад бөхийх агшин, хэн нэгнийг ялаад баярлан гүйх агшин, энэ бүхэн тухайн хүнийг хүмүүжүүлсээр байдаг. Хэн нэгнийг өрөвдөх, энэрэх, бусдыг ойлгох. Бизнест ч энэ зарчим үйлчилнэ. Алдах онох бүх шийдвэрээсээ улам сурч хүмүүжсээр урагшилдаг.
Спорт цаг хугацаатай ямагт хоршин тэмцэлдэнэ. Тэрхэн богино хугацаанд хамгийн зөв шийдвэрийг сийрэгхэн сэтгэж чадсан нь ялна. Энэ зарчим улс төрд ч үйлчилнэ. Төрийн шийдвэр цаг ямагт зөв цагтаа гарах ёстой. Хожимдсон зөв шийдвэр тусыг эс олж буруу шийдвэрээсээ ч илүү хөнөөл дагуулж мэднэ.
Зөв цагтаа зөв газраа зөв шийдвэрээ гаргах ёстой. Спорт бол хамгийн шилдэг хүмүүжүүлэгч…