2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө 42 хоног үлдээд байна.
Монгол улсын нийгэм 4 жилийн өмнө ба одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ? Төрийн ордонд суугаа 76 гишүүн болон улс төрийн нам эвсэл мөрийн хөтөлбөртөө заасанчлан амласан амлалтандаа хүрч чадсан уу?
Энэ асуултанд бид иргэдээс хариулт авлаа. Залуучууд маш өөрөөр эерэгээр сэтгэж, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг илүүд үзэж эрмэлздэг болжээ. Тэд нэг л зүйлийг тодорхойлон онцолж байна. Тодруулбал Монгол улсын залуучууд “Эрүүл, эерэг өөрчлөлт, шинэчлэлийг хүсэж байна”.
Тэд хэлэхдээ, онцлохдоо Монгол улсын нийгэм 4 жилийн дараа яг л бахь байдгаараа байна. Харин энэ удаагийн сонгуульд сонгуулиа өгөх насны залуучууд илүү идэвхтэй оролцож, сонголтондоо үнэнч, хариуцлагатай хандаасай гэдэг санаа бодлыг хэлж байв. Иймдээ ч тэд эрүүл, алсын хараатай, зөв сонголтыг хийх болно гэдгээ илэрхийллээ.
Энэ жилийн сонгуулийн хувьд 18-25 насны залуус эрс өөрчлөлтийг хийнэ гэдэгт итгэл дүүрэн байгааг олон нийт ч тодотгов.
Иргэдийн байр суурийг хүргэж байна.
-4 жилийн өмнө сонгуулиа бол өгөх нь өгсөн. Гэхдээ одоо бол өөрчлөлт гарсан гэж бодохгүй байна. Яг дорвитой, яг залуусыг хөгжүүлэхээр зүйл хийсэн үү гэвэл үгүй.
-Нөгөө сонгуулийн өмнөх шоу гэдэг шиг сонгуулийн өмнө л баахан юм ярьдаг. Яг тэр хэвээрээ л байгаа. Манай залуучууд маань хариуцлагатай байгаад энэ жил бас бодолтойгоор саналаа өгөөсэй гэж бодож байна.
-Яг мөрийн хөтөлбөрийнх нь дагуу иргэд цаг тухайд нь шаардлагаа тавьдаг байх ёстой юм билээ. 4 жилийн дараах гээд баахан юмнууд өгчихдөг. Тэр нь биш. Яг юу шаардсан юм, тэрнийхээ дагуу шаардаад л явах хэрэгтэй. Тэгэхгүй бол эд нар чинь гарч ирээд л мартчихдаг болохоор яг ингэсэн юмуу, энд ийм юм хийсэн, одоо тэр чинь хаана байна? Гээд шаардах эрх нь бий. Бид нар шаардлага тавьж чаддаггүй. Тэрнийхээ хойноос шаардлагаа биелүүлч гэж явж чаддаггүй.
-4 жилийн өмнө би сонгуулиа өгсөн. 4 жилийн өмнөхөөсөө одоогийн байгаа байдал бол нэлээн өөрчлөлт орсон. Тэгэхээр бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол төр засаг өөрийнхөө хэмжээнд хийж чадах зүйлээ хийсэн, өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан л гэж бодож байна.
-Өмнөх хүмүүс одоо төрд гараад юу ч хийгээгүй байгаа. Дахин тэд нарыг сонгохгүй. Яг шинэ залуу үеийнхэн ахимаг насны улс төрчдийг дэмжмээргүй байна. Одоо тэд яг ахиад гарчихая гээд инээд хүргээд байна. Тэд нарыг сонгохгүйгээр, хийж бүтээх мэдлэг боловсролтой 25-аас 35 ч юмуу, эсвэл тэрнээс арай дээш, яг тийм хүмүүсийг л сонгоно доо гэж бодож байна. Үүний өмнөх сонгууль буюу яг 4 жилийн өмнөх сонгууль дээр болохоор залуучууд нэг их идэвхтэй оролцоогүйг би бол маш сайн санаж байна. Тэгэхээр одоо ер нь үеийнхнийгээ уриалаад сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж бодож байгаа.
-Сонгуульдаа идэвхтэй оролцоно. Хамгийн гол нь байгаа зөв оносон сонголт хийнэ гэж бодож байгаа. Шинэ үеийн залуус бидэнд гоё нийгэм хэрэгтэй байна. Бороо орсон ч нийслэл хотод үерийн усанд бүгдээрээ автаад, явган явж буй хүнд ч гишгэх газаргүй болчихдог наад захын ийм муухай байдлыг халмаар байна.