Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. “Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн” Төрийн соёрхолт багийн сувилагч Б.Жавзандуламтай ярилцлаа.
Тэрээр сувилагч болсноосоо хойш 13,000 гаруй хагалгаанд орж, ажилласан байна.
-Танд Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Намайг Борчулууны Жавзандулам гэдэг. Би ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлэлтийн тасгийн мэс заслын сувилагчаар ажилладаг. Манай байгууллагын хамт олон дундаас Т.Мөнхсайхан эмчээр ахлуулсан баг 2023 онд “Төрийн соёрхолт” хэмээх нэр хүндтэй том шагналыг хүртсэн. Энэхүү шагналын анхны төрийн соёрхолт сувилагч болсондоо маш их баяртай байна. Сүхбаатар аймгийн Наран суманд төрж өссөн. Эцэг, эхээс ам бүл долуулаа. Дээрээ нэг ахтай, доороо гурван дүүтэй. Хөдөө мал дээр, яг л малчны гэр бүлд төрж өссөн дөө.
-“Төрийн соёрхолт” энэ том шагналыг дагаж маш том хариуцлага ирсэн байх. Шагналаа авснаа анх сонсож мэдээд, ямар сэтгэгдэл төрж байв?
-Тэгэлгүй яах вэ. Төрдөө үнсүүлнэ гэдэг маш том хариуцлага. Цаашид илүү их амжилт бүтээлээр дүүрэн ажиллах, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тууштай зүтгэх том ташуур болж өгсөн. 2023 оны 7 сарын 7-нд анх шагнуулах болсноо мэдсэн. Анх мэдээд өөртөө ч итгээгүй, бас их гайхсан. Тэр үед би сум руугаа явах гээд билетээ бичүүлчихсэн байсан. Тэгээд гэнэт шагнал авна гэхэд нь тухайн үед би өөртөө ч итгээгүй, баярлаад, шоконд ордог юм билээ. Өөрийгөө азтай гэх үү, хувь тавилан ч гэх үү маш их гайхаад бөөн баяр болсон.
Хамгийн анх би энэ шагналыг авахаа мэдээд багш руугаа ярьсан. Манай багш Монгол улсын гавьяат сувилагч н.Болорчимэг. Багш маань намайг энд асрагч байхад ажлын бүх юмыг зохицуулж, манай хамт олон бүгдээрээ дэмжээд, ээлжинд явуулаад намайг анх сувилагч болгож байсан. Манай багш бүр шоконд ороод, бөөн баяр болоод, уйлаад, шавиараа бахархаж байна гэж хэлсэн. Хагалгаанд ганцхан сувилагч бэлтгэсэн тэр хүн нь би. Анх шагналаа авахад манай аав, ээж хоёр бөөн баяр болоод, нутгийнхан маань хүндэтгэл үзүүлсэн байсан. Дөнгөж шагналаа аваад ордноос доошоо бууж байхад манай сумын засаг дарга над руу утасдаж баяр хүргэе, манай нутгаас хоёр дахь төрийн соёрхолт боллоо. Эхнийх маань яруу найрагч О.Дашбалбар гуай байсан. Манай сум азтай сум байна гээд бөөн баяр болсон.
“Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ, алив сайхан бүхнээ
бусдаас бүү харамла”
-Таны ажлын анхны гараа хаанаас хэрхэн эхэлж байв. Хэдэн оноос ГССҮТ хэмээх энэ өнөр айлын гишүүн болсон бэ?
-Би ГССҮТ-д асрагчаар анх 2011 онд орж байсан. Ингээд намайг багш маань олж хараад чи сувилагч болох ёстой хүн. Эрүүл мэндийн салбарт тууштай зүтгэх чин сэтгэл чамд байдаг гэж надад урам зориг, итгэл өгсөн. Ингээд би 2012 онд анагаахын сургуулийн сувилагчийн ангид элсэн орсон.
2015 онд төгсөөд ГССҮТ-ийн мэс заслын тасагт хагалгааны сувилагчаар ажиллаж эхэлсэн. Хүнд анхны ажил, ажлын анхны гараа, хамт олон гээд сэтгэлээс хэзээ ч гардаггүй, тийм л сайхан дурсамж үлдээдэг. Сувилагч болчихоод баг хамт олонтойгоо эхний хагалгааны ажилд оролцлоо. Тэр нь Сүхбаатар аймгийн манай сумын нэг ах байсан. Тухайн үедээ энд ирж ороод л баярлалаа гээд гараад явж байсан. Харин дараа нь манай ээж аав дээр очоод охины чинь хамт олон дээр очоод дүү нь хөл дээрээ босоод ирлээ. Үнэхээр мундаг, гоё юм байна гэж өөрөө баяр хөөр дүүрэн, ээж аав хоёрт минь баярласнаа очиж илэрхийлсэн байсан. Тэр талархлын үгсийг сонссон би хачин их баяр төрөөд, хэзээ ч тэр үеийн мартдаггүй тийм гоё урам авч байсан үе.
Баг хамт олонтойгоо “Төрийн соёрхолт” хүртсэндээ
маш их баярлаж, билэгшээдэг
-Хүний хамт олон гэдэг маш гоё. Хамт олныхоо дунд тэр ир хайр хүндэтгэлийг дааж ажиллаж амьдарна гэдэг гайхалтай. Багаараа “Төрийн соёрхолт” хүртсэн нь та бүхэнд маш том урам зоригийг өгсөн байх?
-Төрийн энэ том шагнал маань ганцхан минийх биш. Энэ бол баг хамт олныг маань үнэлж, баг хамт олон маань өгсөн ийм том шагнал. Би сувилагч болсноос хойш 13 мянга гаруй хагалгаанд орсон. Үүнээс яг баг хамт олноороо, өвдөг, мөрний дурангийн мэс заслын 3000 гаруй хагалгаанд орсон. Би ажил мэргэжилдээ үнэхээр хайртай. Хамт олон маань ч намайг хичээлдээ суралцахын хажуугаар ажлаа хийдэг тухайн үед маш их дэмжиж, тусалж, үргэлж түшдэг байсан юм. Би хамт олондоо маш их баярлаж, хүндэлж явдаг.
-Хүүгээ төрүүлээд удаагүй л ажилдаа яараад орсон гэсэн. Гэр бүлийнхэн, хань ижил тань ар талаа маш сайн даадаг учраас та ажилдаа гол анхаарлаа хандуулж ажилладаг байх?
-Тэгэлгүй яахав. Би хүүгээ гурван сартайд нь орхиод ажилдаа орсон. Тийм болохоор хүүг маань харж, өсгөж, ар талыг маань дааж байгаа аав ээж, дүү нартаа маш их баярлалаа. Мөн үргэлж дэмжиж, түшдэг ханьдаа, охиндоо маш их баярлаж явдаг. Та нартаа хайртай шүү гэж хэлье. Ажлаа хийнэ гэдэг бол үнэхээр жаргал байдаг. Сая гурван сар завсарлаад ажилдаа ороход, ажлынхаа хаалгаар ороход цаанаа л нэг гоё. Ажил руугаа ороод л, хамт олон маань тэвэрч аваад л, бөөн баяр болоод л нэг тийм гоё мэдрэмжийг авдаг. Миний мэргэжил маш гоё мэргэжил.
“Гэр бүлд бүтэн аз жаргалыг бэлэглэдэг болохоор бидний
мэргэжил үнэхээр гоё”
-Сувилагч хүн хагалгааны явцад хором ч анхаарал болгоомжоо алдаж болохгүй. Маш хариуцлагатай, нямбай ёстой нөгөө монголчуудын ярьдгаар чамбай, гярхай байх ёстой байдаг болов уу?
-Хагалгааны өмнө сувилагч бид нар бүх багаж хэрэгслээ бэлтгэсэн байдаг. Эмч маань орж ирээд хагалгаа хийхэд бүх зүйл бэлэн байх ёстой. Ямар ч хий гаргалгүй, нямбай, хариуцлагатай байх үүрэг бидэнд бий. Иймээс л хийж буй ажилдаа бид сэтгэл зүрхнээсээ хичээж, хүндэтгэлтэй хандаж байж баг хамт олноороо тухайн өвчтнийг хөл дээр нь босгох учиртай.
Манай аав, ээж хоёр маань ч их нямбай улс. Дайчин байх, хариуцлагатай байхыг аав, ээжээсээ бага насандаа л суралцаж өссөн.
Манай аав хөрзөнгөөр малын хашаагаа хийдэг. Модоор биш хөрзөнгөөр. Одоо манай суманд очих юм бол манай аавыг хөрзөнгөөр малын хашаагаа гэр шиг барьдгаар нь хүмүүс ярьдаг. Хааяа хүмүүс сонирхоод зорин очиж үздэг. Ээж аавын маань хичээнгүй хөдөлмөрч зан надад шууд нөлөөлсөн. Бас анх намайг сувилагч болоход манай багш маш нямбай хүн байдаг болохоор тэр ч мөн надад нөлөөлсөн. Ийм гоё мэргэжил, сурах боломж гэдэг чинь ар гэр, хань ижил, ажлын хамт олон надад байснаар би өдий зэрэгтэй, ийм том нэр хүндтэй шагналыг авсан гэж бодож байна.
-Мэргэжил бүхэн сайхаан. Хүн хийж буй ажил мэргэжилдээ дурлана гэдэг өөрөө гайхалтай. Тэр дундаа таны эзэмшсэн мэргэжил онцгой салбарынх. Мэргэжлээрээ бахархах сэтгэгдэл?
-Сувилагч мэргэжил гэдэг өвдсөн зовсон хүнд асрамж үйлчилгээ үзүүлдэг. Бид нэг хүнийг асраад, эдгээгээд гаргахад цаана нь бүхэл бүтэн тэр айлын аз жаргал, инээд хөөр, бүхэл бүтэн баяр баяслыг авч ирдэг болохоор бидний мэргэжил үнэхээр гоё мэргэжил. Би энэ байгууллагадаа ч их хайртай. Анхны ажлын гараагаа эндээс эхэлсэн болохоор он удаан жил эндээ л үргэлжлүүлэн тууштай ажиллана гэж бодож явдаг.
-“Төрийн соёрхолт” хүртсэн баг хамт олноороо Турк орноор аялаад ирсэн гэж сонссон. Тэр аяллаас олон гоё дурсамж бүтээсэн байх?
“Онгоцонд сууж үзэх мөрөөдөл маань бодитоор биелэсэн”
-Т.Мөнхсайхан эмчээр ахлуулсан манай баг хамт олон саяхан Турк яваад ирсэн. Миний хувьд онгоцонд сууж үзэх мөрөөдөл маань бодитоор биелсэн нь маш гоё байсан. Манай багийг ахалж, удирдаж, зааж зөвлөдөг Т.Мөнхсайхан зөвлөх эмч болон багийн хамт олондоо маш их баярлалаа. Бас сурах суралцах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр үргэлж дэмждэг манай эмнэлгийн байгууллагын удирдлагууддаа, мэс засал мэдээгүйжүүлэх, нэгдсэн мэс заслын тасгийн хамт олондоо сувилагч нарын баярын мэнд хүргэе. Мөн анх намайг асрагч байхаас минь авхуулаад сувилагч болгосон гавьяат сувилагч Болорчимэг багшдаа, эрдэмтэн багш нартаа, монгол улсынхаа өнцөг булан бүрд байгаа буянтай сайхан мэргэжил эзэмшсэн бүх сайхан сувилагч нартаа болон ГССҮТ-ийн үе үеийн сувилагч нар болон мэс заслын мэдээгүйжүүлэх тасгийн хамт олондоо сувилагч нарын баярын мэнд хүргэе.
Ярилцсанд баярлалаа.