“Хөрөг” нэвтрүүлгийн ээлжит дугаартаа эдийн засагч Г.Түвдэндоржийг урьж, ярилцлаа. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Мото спортыг амьдралтай зүйрлэн ярих дуртай тэр 13 настайгаасаа мотоцикл унаж, сонирхож эхэлжээ. Бартаат замын мотоцикл унаж, саад бэрхшээл, даваа гүвээг давахдаа давж, тойрохдоо тойрч явдаг нь амьдралд тохиолдох зовлон, жаргалыг туулж байгаа мэт санагддаг гэсэн юм.
Бусдын итгэлийг алдахгүй, аливаа зүйлд тууштай байхыг эрхэмлэдэг түүний ярилцлагыг хүлээн авна уу.
Г.Түвдэндорж олон улсын худалдааны эдийн засагч, бизнесийн удирдлагын чиглэлээр АНУ-д сурч, төгссөн. Сургуулиа төгсөөд, монголд ирж, өөрийн бизнесийг эхлүүлж, 10 гаруй жил хувийн хэвшилд ажиллажээ. Түүний ажлын гараа АНУ-ын Нью-Йорк хотноо Morel wine гэх компанид дадлага хийснээр эхэлсэн аж. Анх зургаан сарын хугацаанд нягтлан бодох бүртгэлийн хэсэгт дадлага хийсэн. Дадлага дууссаны дараа тус компаниас түүнд үргэлжлүүлэн ажиллах санал тавьснаар албан ёсоор цалинтай, хагас цагийн ажилтан болжээ. Энэ ажлаа тэр хоёр жилийн хугацаанд хийсэн гэв.
Монголдоо ирж, хувийн хэвшилд ажиллаж байхад нь 2016 онд Сангийн яаманд орж ажиллах боломж гарчээ.Хувийн хэвшилд ажиллаж байхад төрийн зүгээс маш их хүнд суртал, дарамт маш олон асуудалтай тулгарч байсан тул төрд орж ажиллах нь эргээд энэ нөхцөл байдлыг өөрөө орж засах боломж бүрдэж байна гэж харсан тухайгаа хуваалцсан юм. Ингээд төрийн албан хаагчийн шалгалт өгч, зарлуулаад, өрсөлдөж, тэнцээд, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын даргаар жил хагас ажиллажээ. Түүний дараа Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газарт таван жил гаруй ажилласан. Үүнээс хойш 2022 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдож, нэг жилийн хугацаанд ажилласан. 2023 оны нэгдүгээр сараас Эдийн засгийн, хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байна.
Тэр хэлэхдээ “Оюутан байхдаа ч, ажил дээр гараад ч бүхий л шатанд амжилт гаргахыг хичээж ажилласан. Амжилтад хүрэх гол шалтгаан маань хүний итгэл даах чадвар. Мөн тууштай зан маань. Хүнд хэлсэн бол хэлсэндээ хүрэх, чадахгүй зүйлдээ “за” гэж хэлэхгүй байх. Хэлсэндээ хүрэхийн төлөө тууштай зүтгэж, хүний итгэл алдахгүйн төлөө үргэлж хичээж, зарчмаа болгож ирсэн” гэв.
Үргэлжлүүлэн “Би өөрийгөө тодорхойлж, таньж чадсан. Өшөө суралцах зүйл маш их байна. Хүн үргэлж суралцаж, өөрчлөгдөж байдаг. Гэхдээ байгалиас өгөгдсөн зан чанар, өөрийнхөө зарчим, үзэл бодлоо гээхгүй, хадгалж явахын төлөө хичээж, чармайж явдаг” гэж өөрийн үзэл бодол, зарчмаа хуваалцсан юм.
Г.Түвдэндорж “Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30-аад жилийн хугацаанд алдаж оносон, хийж бүтээсэн, ололттой зүйл их байна. Гэхдээ хангалтгүй. Өшөө их зүйл хийх шаардлагатай байна. Үүнд залуучуудын оролцоо маш чухал. Залуучууд орж байж улс орноо хөгжүүлнэ. Өөрчлөлт, шинэчлэлтийг авч ирнэ гэж харж байна” гэв.