Гацуурын гал унтраахаар ороод нэг, дэлбэрэлтийн гал унтрааж байгаад гурав гээд цаг бусаар гал сөнөөгчдөө бид алдсаар. Өчигдөр л гэхэд “Миний сүлжээ” дэлгүүрийн агуулахад гарсан галын унтраахаар орсон нэг алба хаагч эргэж гарч ирсэнгүй. Бид зүгээр л тоолоод сууж байдаг, загасны ой санамжтай хүмүүс болох нь байна.
Дөрвөн гал сөнөөгч дундаа тусгай зориулалтын усны хувцастайг, аврах хоёр групп дундаа нэг машинтайг дарга нар цөм мэдэж байгаа. Оны өмнөхөн тэд Төрийн ордонд “Эрсдэл ба стандарт” гэх сүржин нэртэй форум зохион байгуулж, ОБЕГ-ын алба хаагчдад машин техник, хувцас хэрэглэл хангалтгүй байдгийг ярьж, ярьчхаад юу ч хийсэнгүй еэ. Зүгээр л ярьдаг байхаас залхахгүй байна уу, Г.Ариунбуян дарга аа, шадар сайд аа. Нас барсных нь дараа гарч ирж мэдээллэдэг, эмгэнэл илэрхийлдэг, байр өгч амыг нь тагладаг байхаас залхах болоогүй юу. Ард иргэдээ хандив цуглуулж, гал унтраах удирдлагатай машин автал нь туйлдуулахаасаа ичих хэрэгтэй.
Улаанбаатарын хамгийн өндөр барилгад гал гарлаа гэхэд унтраах бэлтгэл, тоног төхөөрөмжгүй. Товчхондоо бол 9 давхраас дээш барилгын түймэр унтраах шатгүй шүү дээ, манай улс.
Ар, араасаа дараалсан энэ олон үхэл энэ салбарт яг юу дутагдалтай байгааг сануулсаар л байна. Дахиад хэдэн аврагчийн амь эрстсэний дараа ойлгох улс вэ. Аврагчдаа аварцгаая л даа. Хэрэв шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг нь нэн даруй шийдэж өгөхгүй бол ажиллах итгэл, сэтгэл аврагчдад үлдээ болов уу даа. Дэлбэрэлтэд амиа алдсан гал сөнөөгч гэргийтэйгээ ажлаасаа гарах тухай ярилцаж байсан гэсэн. Өчигдөр нас барсан гал сөнөөгч ч мөн ялгаагүй тэтгэвэртээ гарах хүсэлтээ удаа дараа өгч байсан гэх. Өглөө сургууль, цэцэрлэгтээ явахын өмнө үрс нь аавыгаа ажлаасаа гарчих гэж ятгах хэмжээнд ирчхээд байна. Үнэхээр асуудлуудаа бодитоор харж, нэн тэргүүнд шийдэх зүйлсээ шийдэж чадахгүй бол Онцгой байдлын газар ХҮН ТОГТДОГГҮЙ ГАЗАР болох нь.