2024 оныг Төв аймаг “Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарлажээ. Харин урианыхаа жилийн нээлтийг өчигдөр угтсан юм.
Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрээр, “Бид 2023 оныхоо ажлыг дүгнэж, 2024 оныхоо зорилго зорилтыг тодорхойлдог, сумдынхаа удирдлагуудтай гэрээгээ байгуулж ажилладаг. Энэ арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ хугацаанд 2021 оныг “Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлан ажилласан байгаа. Ковид цар тахлын ар дээр “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ бол иргэдийнхээ ААН байгууллагуудынхаа эдийн засгийг сэргээх ,ажил орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү уриаг дэвшүүлсэн.
2023 он бол төв аймгийн хувьд онцлог жил байсан. Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиосон. Түүхт бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Аймгийн маань 100 жилийн ой, 6 сумын 100 жилийн ой, сумдуудын тэгш ой, байгууллагуудын тэгш ой тохиосон ийм сайхан жил байлаа. Түүхт бүтээн байгуулалтынхаа жилд бид ойгоо угтсан олон бүтээн байгуулалтын ажлыг хийж амжуулсан байгаа. Тухайлбал аймгийн маань ДНБ нэг их наяд төгрөгт хүрлээ. 2020 оноос 46.7%-аар өслөө. Мөн Монгол Улсын засгийн газар, орон нутгийн бодлого шийдвэрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж Төв аймаг маань түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр Монгол Улсын шилдэг аймгаар 10 дахь удаагаа шалгарсан амжилтыг мөн гаргасан байгаа.
Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын шийдвэрээр хоёр шинэ хот байгуулах шийдвэр гарсан. Шинэ Зуунмод хот, Майдар эко хот гэсэн хоёр хот байгуулагдахаар шийдвэрлэгдсэн байгаа. Энэ хоёр хот хоёулаа Төв аймгийн нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар шинэ нисэх онгоцны буудал орчимдоо түшиглэн Шинэ Зуунмод хотын дэд бүтцийн ажил хийгдэж байна. Шинэ Зуунмод хотоо Зуунмод хоттойгоо холбосон 8.4км авто замыг барьж байгуулсан байна. Шинэ Зуунмод хот, Зуунмод хот хоёрын хөгжлийг харилцан уялдаатай хөгжүүлэх мөн Шинэ Зуунмод хот, Майдар хотууд маань Төв аймгийн Сэргэлэн сум, Алтанбулаг сумын нутгууд дээр оршиж байгаа. Тийм болохоор эдгээр сумдынхаа хөгжилтэй бас харилцан уялдаатай хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ер нь бидэнд хамгийн чухал зүйл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах шинэ хотыг бий болгох, шинэ бүтээн байгуулалтаа хамтран хэрэгжүүлэх нь л хамгийн чухал байна” гэв.