Израилийн гадаад хэргийн сайд Израил Кац Турк улсыг Ираны дараа бичигдэх терроризмыг дэмжигч улс гэжээ. Бямба гарагт хийсэн нэгэн мэдэгдлийнхээ үеэр Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг түүхэн дэх фашист лидерүүдтэй харьцуулан ярьжээ. Үүнд Адольф Гитлерийн нэр ч дурдагдсан байна.
Иймээс Израилийн гадаад хэргийн сайд Туркийн ерөнхийлөгчийг Хамас бүлэглэлийг буюу террорист бүлэглэлийг өөгшүүлэн дэмжиж байна гэж буруутгажээ. Ингэхдээ тэрбээр хамас бүлэглэлийн Еврейчүүдийн эсрэг хийсэн аллагын гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг дурдсан байна. Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы хувьд Хамас бүлэглэлийг дэмжиж байгаа утгатай үг хэлж, эсрэгээрээ Израилийг “Газын зурваст хүмүүнлэг нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй орчин цагийн нацистууд” гэжээ.
Түүнчлэн Р.Т.Эрдоган Хамас бүлэглэлийг террорист бүлэглэл гэж үзэхгүй талаараа хэлсэн юм. Израилаас гадна АНУ, Их Британи, Европын Холбоо, Канад, Япон, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй улсууд Хамасыг террорист бүлэглэлийн жагсаалтдаа оруулсан байдаг. Харин түүний мэдэгдлийн хариуд Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху “Израиль дайны хууль хууль дүрмийг дагаж мөрдөж байгаа бөгөөд Хамас бүлэглэлийн террористуудыг дэмжиж, Армянчуудын эсрэг геноцидийг үгүйсгэж, өөрийн нутаг дэвсгэр дээрх Курдуудыг хомроглон устгаж буй Р.Т.Эрдоган ба түүний дэглэмийн номлолыг сонсохгүй” гэжээ. Хоёр орон элчин сайд нараа эгүүлэн татсан ч дипломат харилцаагаа бүрэн тасалсан үйлдэл одоогоор үүсээгүй байна.