АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн Жо Байден, Доналд Трамп нарын хооронд дахин өрнөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан Доналд Трамп дахин сонгогдвол ямар бодлого баримтлах, энэ нь АНУ-ын дэлхийн тавцан дахь оролцоонд хэрхэн нөлөөлөхийг тоймлон хүргэе. Д.Трамп нь Жо Байденыг хууль бус цагаачлал, эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн асуудалд шүүмжилсэн буюу эдгээр асуудлыг ерөнхийлөгч байх хугацаандаа дордуулсан гэж үздэг. Харин тэрбээр өөрөө сонгогдвол нэн тэргүүнд цагаачлалын асуудлыг цэгцэлнэ гэсэн юм. Ингэхдээ АНУ-д байгаа аливаа гэмт бүлэглэл, хар тамхины наймаачид, картелийн гишүүдийг Америкаас гаргана гэжээ. Үүнд хилийн хана барих төлөвлөгөө нь ч багтаж байна. Түүнчлэн Америк дахь коллеж, их сургуулиудад байх “Хамас бүлэглэлийг дэмжигчид” буюу терроризмийг дэмжигчдийг гаргах үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэсэн. Д.Трамп нь хэт барууны үзэлтэй, консерватив улс төрч. Тиймээс ч Израил, Хамасын мөргөлдөөнд Хамасыг террорист бүлэглэл гэж үзэн, тэднийг буруутгах байр суурь баримталдаг. Гадаад бодлогын тухайд, хэрэв Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдвол Израилийг Хамастай холбоотой асуудлаа бүрэн шийдэж дуустал дэмжинэ гэсэн юм. Украины дайны хувьд, В.Путин болон В.Зеленский нарыг зуучлах байдлаар дайныг дуусгана гэжээ. Батлан хамгаалах асуудлаар АНУ-д пуужингийн довтолгооноос хамгаалах хамгийн том бамбайг бүтээнэ гэсэн ба НАТО-гийн гишүүн орнуудыг ч батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана гэсэн. Тэрбээр НАТО-гийн одоогийн үйл ажиллагаанд тийм ч сэтгэл хангалуун байдаггүй нэгэн билээ.
Эx Сурвалж: https://cnn.com/