Гайти улсад улс төр, нийгмийн үймээнтэй нөхцөл байдал хурцадмал түвшинд очоод байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт зэвсэгт бүлэглэлүүд засгийн газрын эсрэг бослого дэгдээж, нэр бүхий хоёр ч шоронгоос ний 3700 хоригдолыг сулласан байна. Үүгээр зогсохгүй томоохон дэд бүтцийн барилга, байгууламжууд руу халдаад байгаа юм. Албан бус мэдээллээр зэвсэгт бүлэглэлийнхэн нийслэл хот Порт-о-Пренсийн 80 хувийг эзэлсэн байгаа бөгөөд үүний улмаас 15 мянган энгийн иргэд гэр орноосоо дүрвэхэд хүрээд байгаа аж. Зэвсэгт бүлэглэлүүд Хаити улсын ерөнхий сайд Ариэл Хэнриг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм. Зарим шинжээч, ажиглагчид зэвсэгт бүлэглэлүүдийг төрийн эрхийг авахаар оролдож байна гэж үзэж байна. Хаити улсын засгийн газраас ням гаргийн орой улс орон даяар 72 цагийн онц байдал зарлаж, бусад улс орнуудаас тусламж хүсээд байгаа ч нөхцөл байдал дээрдэхгүй байна. Одоогийн байдлаар Порт-о-Пренс хотын онгоцны буудлыг зэвсэгт бүлэглэлийнхэн эзлэхээр халдлагууд ар араас нь хийсээр байна. Хаити улсын засгийн газраас онгоцны буудлын аюулгүй байдлыг сахиулах үүднээс тусгай хүчнийхийг даруй дайчилсан байгаа. Зэвсэгт бүлэглэл болон тусгай хүчний хооронд ширүүн мөргөлдөөн үүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээллээр ерөнхий сайд Ариэл Хэнри нь бослого эхлэх үеэр буюу өнгөрсөн ням гарагт хилийн чанадад буюу Кени улсад байсан аж. Одоогийн байдлаар түүнийг Пуэрто Рикод ирсэн байгаа гэх мэдээлэл байна. Тэрээр бослого газар авч эхэлснээс хойш огт олон нийтэд хандсан нээлттэй мэдэгдэл хийгээгүй байгаа нь ихээр шүүмжлэл дагуулж байна. Зэвсэгт бүлэглэл Ариэл Хэнриг эргэн ирэхийг эсэргүүцэж, улмаар тийнхүү томоохон онгоцны буудлуудыг эрх мэдэлдээ оруулахаар хичээж байгаа гэсэн юм.
https://www.theguardian.com/