Биткойны /BTC/ ханш 2021 оны 11 сарын 9-ны өдөр бүх цаг үеийн дээд үнэлгээндээ хүрч, 67,549 ам.доллар болсон. Түүнээс хойш Орос-Украйны дайн, европ дахь эрчим хүчний хямрал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан криптовальютын зах зээл тэр чигтээ уналтад ороод байсан юм. Харин энэ мягмар гарагт 15,782.3 ам.доллар хүртэл унаад байсан уг валютын үнэлгээ 68,634.7 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоолоо.
Ийнхүү зах зээлийнхээ цөм болсон биткоины ханш өсөхтэй зэрэгцэн бусад койн, токены ханш ч өссөн байна. Зах зээлийн үнэлгээ, багтаамжаараа биткойны дараа орох эфериумын /ETH/ ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 4.61 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 10:25 минутад 3,638 ам.долларт хэлбэлзэж байв.
Крипто зах зээл өсөх буюу "бух" төлөвтэй байсаар ойрын нэг жилийн хугацаанд биткойны ханш 75,000 ам.долларт хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
эх сурвалж: CoinMarketCap