Израил, Хамасын мөргөлдөөний улмаас тулгамдаж буй хамгийн том асуудал бол Газын зурвас дахь жирийн иргэдийн нөхцөл байдал юм. Өдөр алгасахгүй болж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас Газын зурваст амь үрэгдэж буй иргэдийн тоо өссөөр 29700-д хэдийн хүрсэн байгаа. Тэгвэл сүүлийн үед Газын зурваст бөмбөгдөлт, халдлагуудын улмаас бус өлсгөлөн, шим тэжээлийн дутагдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй амьдрах орчны улмаас иргэд амь үрэгдэх тохиолдолууд гарч эхэлсэн байна. НҮБ-аас мэдээлснээр яг одоо Газын зурваст хагас сая хүн буюу тус бүс нутгийн хүн амын 25 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэх аюултай тулгараад байгаа гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирлын орлогч Карл Скау Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралын нөхцөл байдлын талаар тайлагнасан. Түүний мэдээлснээр Газын зурваст нөхцөл байдал хяналтаас гарахад тун ойр байгаа аж. Хэрвээ улс орнууд Газын зурвас руу илгээх тусламж, дэмжлэгээ даруй нэмэгдүүлэхгүй бол эргэж буцаах боломжгүй, ноцтой хүмүүнлэгийн хямрал тохионо гэдгийг мөн анхааруулж байлаа. Газын зурвас дахь бага насны хүүхдүүд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд хамгийн ихээр өртөж байгаа юм. НҮБ болон Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцооллоор Газын зурвасын хойд бүс нутагт амьдарч буй 2 болон түүнээс доош насны 6 хүүхэд тутмын 1 нь шим тэжээлийн архаг дутагдалд орсон байна. Энэ нь одоогийн байдлаар дэлхийн өөр хаана ч байхгүй өндөр үзүүлэлт аж.