Хүйтний эрч чангарах бүрийд "танил дотно үнэр" мэт мэдрэгдэх угаарын хий ихэссээр байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг орчимд агаарын чанарын индекс 24 цагийн турш 500 давж, маш их бохирдолтой гэсэн үзүүлэлтийг заасаар байна. Ийм агаараар удаан амьсгалснаар дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг байнга илэрч байгааг иргэд хэлдэг.
Дэлхий дээр жил бүр 4,2 сая хүн гадаад орчны бохирдлын улмаас нас барж байна. Найман нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн тогтоожээ. Харин Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй хэмээн судлаач Г.Энхжаргал нар дурджээ. Уг нь, агаар дахь PM10 тоосонцрын хэмжээг бууруулснаар зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг 15 хувиар бууруулах боломжтой гэж үздэг. Гэвч манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод агаарын чанарын үзүүлэлт сайжрахгүй байна.
АГААРЫН БОХИРДОЛ ХАВДРЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ
НЭМҮТ-ийн орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувдын судалгааны тайлангаас харахад агаарын бохирдол хавдрын өвчлөлийн гол шалтгаан болж байгааг тогтоожээ. Тухайлбал, агаарын бохирдол нь хүн амын амьсгалын замын өвчлөлийн 20-30 хувьд, зүрх судасны эмгэгийн 20 хувь, нийслэлийн хүн амын нас баралтын 9.2 хувь, уушги, зүрх уушгины хавсарсан өвчний шалтгаант нас баралтад 28,8 хувь, уушгины хавдрын 39.9 хувьд нөлөөлж байгааг тогтоосон байна.
Мөн агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоожээ. Агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ буурах тусам амьсгалын замын өвчлөл даган буурч, улмаар эмнэлэгт хэвтэх хувь хэмжээ саарч байгааг тогтоосон байна.
Засгийн эрхийг найман жил барьж буй МАН 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг бүтээнэ гээд дараах заалтыг оруулж байж. Гэвч доорх арван зорилгынхоо алинд ч хүрэлгүй, олон их наядаар тоологдох мөнгийг цусалж, иргэд нь утаандаа хордож, угаартаж үхэхийн ирмэг дээр тулаад байна.
Ингээд агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг бүтээх, биелэгдээгүй мөрөөдөл болсон заалтуудыг танилцуулъя.
5.3.1. Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
5.3.2. Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
5.3.3. Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
5.3.4. Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
5.3.5. Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ.
5.3.6. Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
5.3.7. Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
5.3.8. Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
5.3.9. Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц – 3", "Дулааны цахилгаан станц – 4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.
5.3.10. Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна.