Украины дайн эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбоотойгоор барууны улс орнууд ээлж дараалан ОХУ-ын эрсэг хориг арга хэмжээгээ эрчимжүүлэхээ мэдэгдээд байна.
Тухайлбал, АНУ-ын засгийн газар шинэ хоригийн хүрээнд нийт 500 гаруй хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэсэн. Мөн Их Британи ОХУ-ын 50 хуулийн этгээдийн эсрэг хориг тавина гэсэн юм.
Тус улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камероны мэдээлснээр ОХУ-ын дайны санхүүжилтыг зогсооход хориг чиглэх аж. АНУ болон Их Британиас гадна Европын холбоо мөн адил ОХУ-ын эсрэг ээлжит хоригоо танилцуулаад байгаа.
Европын холбооны зүгээс өчигдөр ОХУ-ын эсрэг 13 дахь удааагийн багц хоригоо батлах гэж байгаа гэдгээ зарласан. Хэлэлцүүлгийн шатууд амжилттай болж өнгөрсөн байгаа бөгөөд энэ ням гарагт албан ёсоор батална. Энэ удаад ОХУ-ын 200 гаруй хуулийн этгээд болон хувь хүний эсрэг хориг тавьж байгаа. Ингэснээр өмнөх хоригуудтайгаа нийлээд ОХУ болон холбоотон орнуудынх нь 2000 хуулийн этгээд болон хувь хүнд Европын холбоо хориг тавьсан болж байна.
Европын холбооны Зөвлөлийн зүгээс өөрсдийн Х хуудсаараа дамжуулан багц хоригийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө Европын холбооны зүгээс урьд өмнө хэрэгжүүлж байсан хоригуудаас хавь илүү өргөн цар хүрээг хэрэгжүүлэх гэж байна хэмээн мэдээлсэн. Гэхдээ нөгөө талд ОХУ-ыг дэмжиж буй Ойрх Дорнод, Африк, Төв Азийн улс орнууд талцсан байдалтай байгаа нь олон улсын худалдаа, цаашлаад дэлхий эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж магадгүй байна.