ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөл Алексей Навальный 47 насандаа, шоронд хоригдож байх үедээ нас барсан хэмээн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эх сурвалжууд мэдээлсэн. Түүний хоригдож байсан хорих газрын зүгээс Алаксей Навальныйг алхаж байхдаа бие нь огцом муудаж, ухаан алдсан гэсэн юм. Хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа бөгөөд нас барсан шалтгаан нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.
Алаксей Навальний нь 2021 онд хэт даврагч байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ял аван Арктик орчимд байрлалтай, хатуу дэглэмтэй “Туйлын чоно” гэх нэртэй хорих ангид хоригдож байсан юм.
Тэрээр ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч Владимир Путины бодлого, шийдвэрүүдийг нээлттэйгээр шүүмжилдэг улс төрч байсан бөгөөд зарим шинжээчид түүнийг Владимир Путины хамгийн том өрсөлдөгч хэмээн нэрлэдэг байсан. Мөн ОХУ-ын сөрөг хүчний хамгийн хүчтэй, нөлөө ихтэй улс төрч гэдгээрээ ОХУ төдийгүй дэлхий дахинд танигдсан нэгэн байсан юм.
Тэрбээр 2018 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байсан ч хөрөнгө шамшигдуулсан хэргээр нэр нь хасагдаж байжээ.
Алаксей Навальнийд хүндэтгэл үзүүлэх ёслол өнгөрсөн амралтын өдрүүдээр орон даяар болж, олон мянган хүн оролцсон байна. Гэвч цагдаа нар ёслолыг тараахыг оролдож, улмаар хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүс баривчлагдсан тохиолдолууд гарсаар байна.
ОХУ дахь хүний эрхийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага болох “ОВД Инфо”-гоос мэдээлснээр ОХУ даяар 32 хотод нийт 400 гаруй хүн Алаксей Навальнийгийн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирээд баривчлагдсан гэлээ. Тэдгээр 400 хүний талаас их хувь нь Алаксей Навальнийгийн дэмжигчид олноор байдаг Москва болон Санкт Петербург хотоос баривчлагдсан байна.
2022 оны есдүгээр сар буюу Украины дайныг эсэргүүцсэн ОХУ-ын иргэдийн жагсаалаас хойш ийм олон хүн нэг дор баривчлагдаж байсан тохиолдол ОХУ-ын түүхэнд байхгүй. Тухайн үед эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн 1300 гаруй хүн баривчлагдан саатуулагдаж байсан юм.