Нийтэлсэн:
Админ 2024.02.08 12:58
Санхүүгийн салбарын 2023 оны жилийн эцсийн тойм мэдээллийг хүргэж байна. Нийт салбарын ДНБ-д эзлэх хувь өмнөх оноос 3.1 хувиар өсөж 26.3 хувьд хүрсэн бөгөөд үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /17.8 хувь/, банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө /7.1/хувь голлон нөлөөлжээ. Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалт, хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 3,766 зохицуулалттай этгээд, 2,416 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна. Салбараар нь ангилбал хөрөнгийн зах зээлд 603, даатгалын зах зээлд 337 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, банк бус санхүүгийн салбарт 529, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх 7, хадгаламж зээлийн хоршоо 191, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 308, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 428 хувь хүн, 52 хуулийн этгээд, сэндбоксийн зохицуулалтын 6, тэдгээрийн 1293 салбар төлөөлөгчийн газар тус, тус үйл ажиллагаа явуулж байна.
Санхүүгийн салбараас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өсөж 11,650.2 тэрбум төгрөгт хүрсэн ба хувьцааны хөрвөх чадвар 1.5 хувьд хүрчээ. Нийт 787.2 тэрбум төгрөгийн үнэт цаасыг зах зээлд арилжаалсан ба үүний 66.7 хувийг хувьцаа, 7.7 хувийг хөрөнгө оруулалтын сан, 17.5 хувийг компанийн бонд, 8.1 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас тус тус эзэлжээ. ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 хувиар өсөж, 7 компани IPO хийж нийт 338.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Компанийн бондын хувьд мөн 7 компани 107.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээс анхны ногоон бонд 17 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татсан байна. Харин биржийн бус зах зээлээс 829.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн бол уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 299 удаагийн 7,541.4 тэрбум төгрөгийн арилжааг хийж 14.9 сая тонн нүүрсийг 7,345.2 тэрбум төгрөгөөр, 677.4 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 196.2 тэрбум төгрөгөөр тус, тус арилжаалжээ.
Даатгалын зах зээлийн хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 15.8 хувиар өсөж 550.2 тэрбум төгрөгт, нөөц сан 24.0 хувиар өсөж 268.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ялангуяа ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 30.4 хувиар өсөж 392.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж 41.6 хувиар өсөж 141.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын үнэлгээ өмнөх улиралтай харьцуулахад 72.7 хувиар өсөж 252,735.4 тэрбум төгрөг болжээ. Нөхөн төлбөр олголт ч өмнөх оноос 28.3 хувиар өсөж 120.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.7 хувийг эзэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.5 хувиар өссөн байна. Харилцагчдын тоо давхардсан байдлаар 4.5 сая болж үүний 94.1 хувийг финтекийн харилцагчид эзэлжээ. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоод 72,521 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд нийт хөрөнгө нь өмнөх оноос 14.5 хувиар өсөж 306.5 тэрбум төгрөгт хүрчээ. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарт Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд нийт 1,599.8 мянган м.кв талбай, 2,330.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин 591.3 мянган м.кв талбай, 173.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн бол үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбарт 461.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг борлуулж, 433.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан ба 20.8 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг худалдан авч, 33.4 тэрбум төгрөгийн үнэт эдлэлийг худалдан борлуулсан байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 компанид давхардсан тоогоор 921 мянган харилцагч бүртгэлтэйгээс 15 мянга гаруй харилцагч нь арилжаанд идэвхтэй оролцжээ. Зах зээлийн арилжааны дүн нь 136.6 тэрбум төгрөг хүрч, өдрийн дундаж арилжаа 150.1 сая төгрөг байна. Харин сэндбокс зохицуулалтын орчинд ББСБ-уудын хоорондын репо хэлцлийн үйлчилгээ, технологид суурилсан даатгалын үйлчилгээ, Р2Р зээлийн үйлчилгээ, краудфандинг буюу хамтын санхүүжилтийн үйлчилгээ, биржийн бус зах зээлийн блокчейн арилжааны систем зэрэг 6 бүтээгдэхүүн, үйлчилгээ туршигдаж байна.